Хууль сахиулах байгууллагын 1500 алба хаагчийг нүдний оношилгоонд үнэ төлбөргүй хамруулжээ
2022-09-22 16:33:00
“Монгол цэргийн нэгдсэн холбоо”, БНСУ-ын “Нүдний шилний нийгэмлэг"-тэй хамтран “Тунгалаг мэлмий" хараа шалгах, нүдний шил тааруулах сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагааг энэ сарын 16-19-ний өдрүүдэд “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны байранд зохион байгууллаа.
Солонгосын мэргэжлийн эмч нарын баг нүдний харааг мэргэжлийн тоног төхөөрөмжөөр шалган тухайн хүнд тохирох шилийг тааруулж өгөх үйлчилгээг үзүүлсэн. Хэрэв тухайн хүнд тохирсон шил байхгүй бол БНСУ-д захиалгаар хийлгэж, хүргэлтээр үйлчлэх үйлчилгээг ч давхар үзүүллээ. Нүдний харааны үзлэг, оношилгоонд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ТТХГ, АТГ, ШШГЕГ зэрэг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт 1500 орчим алба хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмадууд үнэ төлбөргүй хамрагдсан. Мэргэжлийн эмч нарын зүгээс Монгол улсад нүдний хараа муудах өвчлөл ихссэнийг хэлж байлаа. Тиймээс харааны шил зүүгээд нүдний хараа сайжрах биш эрс тэс уур амьсгал, зурагт, гар утасны дэлгэц тогтмол харж байгаа хүмүүс хоол хүнсэндээ анхаарч шим тэжээлтэй хүнс хэрэглэж байхыг зөвлөлөө. Цаашид энэ үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж, орон нутгийн иргэдэд хүргэхээр төлөвлөлөө.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх, МЦНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цэргийн атташе, хурандаа Парк Энг Чол, ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Т.Сүхбаатар, Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Отгонбаяр, БНСУ-ын “Нүдний шилний нийгэмлэг”-ийн тэргүүн Сун Хёнчойл, дэд тэргүүн Ким Сужин, орчуулагч Э.Дарьсүрэн, сайн дурын ажилтан, эмч нар болон Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид, ахмадуудын төлөөлөл оролцсон юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.