ЦЕГ: Засгийн эсрэг зохион байгууллттай ажилласан гэх сэтгүүлч Э "Hero9911", "U bro", "Bruno" гэх хаягуудтай харилцжээ

2025-11-12 14:33:00

Өнөөдөр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр  олон хоног хүлээлгэсэн Д.Амарбаясгалан болоод түүнтэй холбогддог "Админерал" компанийн зарим мэдээллүүдийг ил болгож, мөн Хэро Энтертайнменттай холбоотой "Гэрэгэ тауэр" зэрэг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үеийн болоод түүнтэй нэр холбогдсон хүмүүсийн тухай ярьсан.

Харин өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн Засгийн газрын эсрэг зохион байгуулалтайгаар ажилласан хоёр сэтгүүлчийг зарлана гэдэгтээ  мэдээлэл өгөлгүй, "Энэ тухай ЦЕГ ярина" хэмээн орхисон юм. Тиймээс  Б.Энхбаярын чиглэлийн дагуу ЦЕГ-аас тайлбар мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-аас, "Нэр бүхий иргэдээс төрийн өндөр албан тушаалтны нэр төр, алдар хүндэд халдсан тухай гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй мэдээллийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.3-т заасан прокурорын зөвшөөрлийн хүрээнд мэдээлнэ. Та бүхний асуултад хариулах боломжгүй гэдгээ эхлээд хэлье" гэв. 

Улмаар Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа н.Очбадрах "Фейсбүүк олон нийтийн цахим сүлжээнд Эрүүгийн хуулийн 13.14-т заасан худал мэдээллийг олон нийтэд тараасан, нэр бүхий иргэдийн нэр хүндэд халдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл ирүүлсэн. Мөрдөн байцаах албаны Хүний эрх, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг шалгах хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар иргэн Э нь телеграм, вайбар аппликейшн ашиглаж, "Hero9911", "U bro", "Bruno" гэсэн хэрэглэгч нартай тус тус харилцсан. Улстөрийн өндөр албан тушаалтай хүмүүсийн зураг, бичлэгт дуу дүрсний эвлүүлэг хийж, олон нийтэд зохион байгуулалттайгаар тарааж, буруу ташаа мэдээллээр иргэдийг төөрөгдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдож байна. Иймд, иргэн Э-д Эрүүгийн хуулийн 13.14.1-т зааснаар яллагдагчаар татан шалгаж байна. 

Дээрх нэр бүхий этгээдүүд нь худал мэдээллийг зориудаар бэлтгэж байгаа нь иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг хохироож, төөрөгдөлд оруулан, оюун санаа бодлыг талцуулах, нийгэмд сөрөг хандлага бий болгох аюултай үйлдэл байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 19.19.3-т зааснаар хүний эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ ҮАБ, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн байна" гэлээ. 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.