ХЭН ЮУ ХЭЛЭВ: Дараагийн Ерөнхий сайдад ямар хүн тохиромжтой вэ? 

2025-06-06 15:27:00

Өнөөдөр МАН-ын удирдах зөвлөлийн хурлын үеэр зарим гишүүд дараа сонгогдох Ерөнхий сайдаар ямар хүн байвал зохих талаар мэдээлэл өглөө.

Ц.Даваасүрэн: Өмнө нь Засгийн газарт гаднаас хүн оруулж ирэхдээ дандаа өөрсдөд нь үйлчилдэг жулдрай оруулж ирдэг байсан

Ер нь салбартаа бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн лидер сайд болдог байсан. Одоо дурандаа бөгөөд мэргэжилтнүүд сайд болох гээд гүйгээд байна. Уг нь бол бэлтгэгдсэн, хат суусан, ноён нуруутай хүн л хэрэгтэй шүү дээ. Хүлээн зөвшөөрөгдөх гэдэг цаг хугацаа шаарддаг байхгүй юу. УИХ-д сонгогдоогүй хүнийг арай ч Ерөнхий сайдаар тавихгүй байлгүй дээ. Төрийн гурван өндөрлөгийн нэгийг хаших хүн бол ард түмнээс сонгогдсон, сэтгэл зүрхийг нь онгойлгосон хүн байх ёстой шүү дээ. Дэлхий нийтэд Трампын бодлогоос болж тодорхойгүй нөхцөл үүсээд байна. Нүүрсээр өнгөрсөн жил 9 тэрбумын орлого олдог байсан, энэ жил талыг нь алдах гээд байна. Үүнийг наад зах нь шинэ Ерөнхий сайд шийдэх ёстой.

Ж.Ганбаатар: Эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх хүн л хэрэгтэй 

Бидний өмнө одоо тулгараад байгаа гол асуудал бол валютын ханш их өсөж байна, манай экспорт муу байна гэх мэт эдийн засгийн асуудлуудыг л шийдвэрлэх нь чухал байна. Бага хурлаас ямар шийдвэр гарган би түүнийг л дагана. Гэхдээ яг одоо бол нэр ярихаас өмнө шинэ ЗГ-ын өмнө ямар асуудлууд тулгамдаж байгааг УЗ-өөр ярих болов уу. Эдийн засгийн байдал нэлээд хүнд байна.

Ч.Хүрэлбаатар: Би дараагийн Засгийн газарт орж ажиллахгүй гэсэн бодолтой байгаа

Би ер нь улс төрөөс хол явж байгаа. Би дараагийн Засгийн газарт орж ажиллахгүй гэсэн бодолтой байгаа. УИХ дотроосоо бүрдсэн нь дээр болов уу. Өнгөрсөн танхимаас бол сайн ажилласан сайд харагдахгүй байна л даа.

Дараагийн Ерөнхий сайдаар бол намын эв нэгдэл хангаад явах, дээр дурдсан асуудлуудыг шийдэх, олон улсын нөхцөлд ажиллах ийм хүнийг л гаргамаар байна. Хамгийн гол нь эв нэгдэл чухал байгаа. Нам дотроо хөлөө жийлцээд эхэлбэл Монголын эрх ашигт нийцэхгүй гэж харж байгаа. Ер нь жил орчим гаднаас нь ажиглалаа. Хүн биш хууль засаглах цаг болжээ гэж бодоод УЗ-ийн хуралдаа ирж байна. 


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.