ХЭН ЮУ ХЭЛЭВ: Багшгүй, сургуульгүй, хоолгүй хүүхдүүдээс бид ирээдүйд юу хүлээх вэ?

2025-09-15 14:31:00

Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэлцэх асуудлуудыг танилцуулж үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс онцлох хэсгийг тоймлон хүргэж байна. 

 “Монголын ирээдүй бол бидний үр хүүхдүүд. Гэтэл багшгүй, сургуульгүй, хоолгүй хүүхдүүдээс бид ирээдүйд юу хүлээх вэ. Цаашид бид хүүхдүүдийнхээ ирээдүй, улс орны хөгжилд хамаарах боловсролын асуудлуудыг бүхэлд нь харж, тогтолцоо, төсвийн шинэчлэл хийх шаардлагатай байна. Багшийн хүрэлцээ, сургалтын чанар, ажлын таатай орчин, сургуулийн дэд бүтэц, үдийн хоолны хөтөлбөрийг нэгэн зэрэг, уялдаа холбоотойгоор шийдвэрлэх хэрэгтэй. 

Сүүлийн 10 жилд сурагчдын тоо 43.7 хувиар өссөн бол багшийн тоо ердөө 24.9 хувиар нэмэгдсэн байна. Багш ажлын байраа орхих байдал буурахгүй байна. 2016 онд шинэ багш нарын 4.3 хувь ажлаа орхисон бол 2022 онд энэ үзүүлэлт 12.7 хувьд хүрчээ. Хими, биологи, англи хэл, мэдээллийн технологийн багш нар илүү өндөр үнэлэмжтэй бусад салбарт шилжиж байгаа нь нөхцөлийг улам хүндрүүлж байна. Үүний улмаас өнөөдөр төрийн өмчит сургууль, цэцэрлэгт 5 мянга гаруй багшийн бодит дутагдал үүсчээ. Энэ тоо ойрын гурван жилд өсөж сургуульд 14 мянган багшийн дутагдал үүсэхээр байна. Иймд багшийн цалин урамшууллыг уян хатан болгож, ажлын ачааллыг шударгаар үнэлэх, орчин нөхцөлийг шинэчлэх, ил тод, шударга үнэлгээний тогтолцоо бий болгох шаардлагатай байна.

Өнөөдөр нэг ангид 70 хүүхэд сурч байгааг хараад төсөв байхгүй гэж шалтаглах эрх бидэнд байхгүй. Нийт хүүхдүүдийн маань талаас илүү хувь нь 1800-аас дээш сурагчтай даац хэтэрсэн сургуульд сурч байна. Улсын хэмжээнд 124 сургууль хэт өндөр ачаалалтай байна. Анги дүүргэлтийг 40 хүүхдээс хэтрүүлэхгүйн тулд нийт 108 сургууль шинээр барих шаардлагатай. Үүний өртөг нь 1.6 их наяд төгрөг болно. Асуудлыг ирэх 3 жилдээ үе шаттай шийдэхэд жил бүр 36 сургууль, 32 цэцэрлэг барих төсөв зайлшгүй хэрэгтэй байна.

Монголын ирээдүй болсон хүүхдүүд маань эрдэм номтой бөгөөд эрүүл байх ёстой. Монгол хүүхдүүдийн дунд Д аминдэмийн дутагдал өндөр, чихэрлэг хүнсний хэрэглээ их, сүү цагаан идээний хэрэглээ хангалтгүй байгаа нь тэдний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байна. Дэлхийн 160 гаруй улс орны туршлагаас харахад, сургуулийн бүх ангийг үдийн хоолны хөтөлбөрт хамруулах нь хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, улмаар сурлагын ахиц гаргах үр дүнтэй арга гэдэг нь нотлогдсон. Манай улс одоогоор зөвхөн бага ангийг үдийн хоол хөтөлбөрт хамруулж байгаа ч цаашид дунд, ахлах ангийн хүүхдүүдийг хамруулах шаардлагатай байна.

Үүнд жил бүр ойролцоогоор 200 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй бөгөөд үр өгөөж нь мөнгөөр хэмжигдэшгүй чухал юм. Улсын Их Хурлаас батлагдсан үдийн хоолны төсөв хүүхдэд бүрэн зориулагдаж байгаа эсэх, хоолны шим тэжээл, орц, хүртээмж, нийлүүлэлтийн дэд бүтэц зэргийг гишүүд болон холбогдох Байнгын хороо газар дээр нь дээр хяналт тавьж, хуулийн хэрэгжилтийн талаар бодит дүгнэлт гаргах хэрэгтэй. Үдийн хоолыг дунд, ахлах ангиудад өргөжүүлэх асуудлыг судлах чиглэлээр шийдвэрийн төслийг Улсын Их Хурлын даргын хувьд санаачлан хэлэлцүүлнэ. Цаашид энэ мэтчилэн Улсын Их Хурал баталсан хууль тогтоомжуудын хэрэгжилтэд нэг бүрчлэн хяналт тавьдаг байх жишигт анхаарч ажиллана.

Хууль тогтоомжийн тухай хуулиар аливаа хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайланг эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд нэгдсэн байдлаар байршуулахаар болсон. Засгийн газар, Улсын Их Хурлын Тамгын газар, харьяа байгууллагууд энэ шинэ зохицуулалтыг баримталж ажиллах ёстой". 


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.