ХЭН ЮУ ХЭЛЭВ: 2026 онд ‘’ЭДИЙН ЗАСАГ’’ 6 хувиар өснө гэв үү?
2025-05-16 13:42:00

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын 2025 оны 4-р сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Ирэх оны эдийн засгийн өсөлтийг 6 хувь байхаар төлөвлөжээ. Өсөлтийн хэдэн хувь нь уул уурхайн салбараас, хэдэн хувь нь уул уурхайн бус салбараас орж ирэх вэ?
Шадар сайд Л.Гантөмөр: Уул уурхайн салбарын өсөлтийг 9.9 хувь, уул уурхайн бус салбарын өсөлтийг 5.3 хувьтай байхаар төсөөлж байна. Уул уурхайн бус дотор орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх учир барилгын салбарын өсөлтийг өндөр буюу 17.9 хувиар тооцож байна. Худалдааны салбарыг 6.5, тээвэр 4.5, цэвэр татвар 5.7 хувь байхаар тооцоолсон.
Худалдааны дайнтай холбоотой бараа бүтээгдэхүүний үнэ маш их өсөж байна. Импортоос хамааралтай улсын хувьд Хятад улсын Америк, Япон, Солонгост нийлүүлэх бараа бүтээгдэхүүний хэмжээ буурна. Энэ хэрээр үйлдвэрлэл багасна, үйлдвэрлэл багасахад өртөг нэмэгдэнэ гэж харж байна. Эдгээр хүчин зүйлүүдийг тооцоолж, Засгийн газар төлөвлөлтөө хийж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Утааны сонсголын үеэр агаарын бохирдол нь эрх зүй, эдийн засаг, технологи, эрүүл мэндийн асуудал юм байна гэж үзсэн. Төсвийн хүрээний мэдэгдэл, макро эдийн засгийн нөхцөл байдлыг харж байгаад ирэх онд эрүүл мэндийн дэд бүтцийг цогцоор нь шийдэх хэрэгтэй гэж үзэж байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Эрүүл мэнд нэгдүгээрт гэсэн атлаа манай улс эрүүл мэнддээ дорвитой санхүүжилт хийж чадахгүй байна. Ковидын үед анх удаа 4 хувьд хүрсэн бол одоо буцаад 3 хувь болсон. Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэлд эрүүл мэндийн салбарын төсвийг ДНБ-ий 4 хувьд хүргэхээр төлөвлөлтөө гаргаж өгсөн.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Төсвийн алдагдал 1.2 их наядад хүрлээ. Төсвийн тодотгол хийх үү. Алт-3 хөтөлбөр төсвийн алдагдлыг нөхөхөд ямар үүрэгтэй байх вэ?
Сангийн сайд Б.Жавхлан: Гол нэрийн бүтээгдэхүүн гэж ДНБ-ий 3 хувиас дээш орлого төвлөрүүлдэг экспортын бүтээгдэхүүнийг хэлдэг. Тийм бүтээгдэхүүн манай улсад нүүрс, зэс л байна. Цаашид бид үйлдвэрлэлийн эдийн засагт шилжих шаардлагатай. Үүний тулд 14 мега төслийг хэрэгжүүлнэ.
Алт-3 хөтөлбөр төсөвт нэг их нэмэртэй зүйл биш. Алт бол Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой. Алтны нөөц одоогоор 15 тонн байна. Үүнийг 22 тонн хүргэвэл валютын нөөц 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. Тэгэхээр Алт-3 хөтөлбөрийн үр дүнд валютын нөөцийг 50 хувиар өсгөх боломж бий.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.