Метроны үлгэр үргэлжилсээр...
2024-03-01 11:07:00
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот метротой болж, хөгжин цэцэглэх үлгэр 2011 оноос эхлэлтэй. Тухайн үед Гомбосүрэнгийн Мөнхбаяр хотын дарга байсан бөгөөд техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, гүйцэтгэх компаниар БНСУ-ын “Soosung Engineering” болон “Seoul metro” компанийн хамтарсан консорциум шалгарч байжээ. Энэ хоёр компани хуучнаар Авто тээврийн газар, Замын цагдаагийн газар, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамтай хамтран судалгааныхаа бүх ажлыг хийж дуусгасан. Хотын дарга асан Г.Мөнхбаярын метро 2017 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байв. Хэрвээ энэ метроны төсөл хэрэгжсэн бол 30 мянган хүн метрогоор тухтай зорчих байлаа. Гэхдээ тэр үлгэр нь үнс болж, салхинд хийссэн.
Харин удаах нь Хотын дарга асан Э.Бат-Үүлийн метро буюу “Улаанбаатар метро” төсөл. Түүний метро Мөнхбаярынхаас гурван жилээр хожуу буюу 2020 онд ашиглалтад орох болж, шав тавих ёслол хүртэл болж, тууз хайчилж байлаа. Тус метрог байгуулахдаа баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх буюу хотын төвийн 6.6 км зайд газар доогуур тавина. Харин хотын хоёр захаар өргөгдсөн хэлбэрээр буюу ил явахаар тооцсон. Хамгийн шок мэдээ нь түгжрэл 40 хувь буурна гэсэн судалгаа ч гарч байж.
Нийслэлчүүдийн сэтгэлийг метрогоор уяраасан хотын дарга нар үүгээр дуусахгүй ээ. Су.Батболдын метро 2025 онд ашиглалтад орох ёстой. Харин одоо Х.Нямбаатар даргын метро хэзээ ашиглалтад орохыг таашгүй. Ямартай ч олон улсын нээлттэй тендерийг хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлалаа. Тендерийг сонгон шалгаруулж дуусмагц энэ оны есдүгээр сар гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй. Энэхүү тендерийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн 2013 онд гүйцэтгэсэн ТЭЗҮ-д тулгуурлан зарлажээ. Метроны шугам Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт байх бөгөөд тасалбарын үнэ 1000 төгрөг байх аж. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчээр метрогоо хөдөлгөх эрчим хүчний асуудлаа шийдээгүй байж үнэ мөнгө ярих арай эрт биш үү.
Түгжрэлийг бууруулах сүржин уриатай метроны төслүүд ар араасаа бүтэлгүйтэж, сонгууль дагасан шоу болж дууссан нь үнэхээр харамсалтай. Сонгууль болоход тун дөхсөн энэ үед дахин метроны асуудал хөндөгдөж байгаа нь дахиад л “ШОУ” болоод дуусах вий гэж иргэд хардаж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.