ХЭН ЮУ ХЭЛЭВ: ЭТТ ногдол ашиг хэзээ тараах вэ?
2024-01-23 15:49:00
ЭТТ компани 2023 онд 3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Харин энэхүү цэвэр ашгаасаа иргэдэд ногдол ашиг тараах эсэх асуудлаар хэлэлцэх үеэр хэн ямар саналтай байгааг энд тоймлолоо.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: Бидний хэдэн гишүүдийн санаачилсан тогтоолын төслийг хэлэлцэж байгаад баяртай байна. Ногдол ашиг тараагаад дампуурсан ХК байдаг юм уу? Би сонсоогүй юм байна. ЭТТ ХК-ийн хяналтын багцыг ард түмэнд шилжүүлбэл олон нийтийн хараа хяналт сайжирна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Энэ тогтоолын төсөлд ЭТТ ХК ашигтай ажиллавал ногдол ашиг хуваарилна гэж заасан. Түүнээс жил бүр ногдол ашиг өгнө гэж тусгаагүй. 3 их наяд төгрөгийн ашгийг 3 сая хүнд тараачихвал энэ компанид хөрөнгө оруулж чадахгүй. Мөн энэ компани ихээхэн өртэй. Иймд Баялгийн сангийн хуулийг баталж, тэр хуультай уялдуулах хэрэгтэй. Одоогоор нэг хүнд хэдэн төгрөгийн ногдол ашиг тараах талаар ярихад эрт байна.
"Эрдэнэс Монгол" компанийн захирал С.Наранцогт: 2023 оны компанийн цэвэр ашиг 3 их наяд төгрөг. Үүний 2 их наяд төгрөг нь төрийн эзэмшилд ногдоно. Харин иргэдэд ногдох хувийг олгоход асуудал үүсэхгүй. Төрд ногдох мөнгийг олговол компани хэцүү байдалд орно. Ногдол ашиг олгох, эсэх шийдвэрийг ТУЗ хуралдан шийднэ. УИХ шийдэхгүй. ЭТТ-д онцгой бүрэн эрх тогтоосон байгаа. Энэ компанийн засаглалыг сайжруулах олон ажил хийж байна. ТУЗ-ийн хараат бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулсан. 2022 онд компани ашиггүй ажилласан.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Найман жилийн өмнө та нар усан, дүүжин тээвэр хөгжүүлнэ гэсэн. Утаанаас сална гэсэн ч одоо бид утаандаа төөрч байна. Төрийн өмчид бусад ААН-үүдийг бүртгэн, татан төвлөрүүлсэн. Одоо ЭТТ-н ногдол ашиг хэмээн шилний цаанаас чихэр долоолгож байна. Энэ тогтоолын төслийг хэрэгжүүлэх хугацаа яагаад 2024 оны хавар буюу сонгуулийн өмнө байгаа юм бэ? Хөрөнгийн биржийг 1992 онд байгуулсан ч өнөөг хүртэл төрийн өмчит компаниудаа задалсангүй, олон нийтэд нээлттэй ХК болгосонгүй, хойш суусаар ирлээ.
ЭТТ ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Б.Ганбат: Энэ компани 2011 онд байгуулагдаж, 2013-2016 онд ашиггүй ажилласан, нийт 6 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Жилд 30 сая тонн нүүрс борлуулах хүчин чадалтай.
УИХ-ын гишүүн М.Оюнчимэг: Цагаан сараас өмнө иргэдэд ногдол ашиг тараах нь зөв. Ээлжит бус чуулган явуулж, ирэх сарын 15-ны дотор ЭТТ-н ТУЗ хуралдаж, тооцоо судалгаагаа хийгээд яг хэдэн төгрөгийн ногдол ашиг тараах боломжтой гэдгээ хэлэх хэрэгтэй. Нийгэм та бүхний хариуг хүлээж байна. Хүн бүр ногдол ашгийн хэмжээг өөр өөрөөр хэлж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Цагаан сараас өмнө хувьцаа эзэмшигч бүрд 580 мянган төгрөг өгөх ёстой. Гэтэл сонгуулийн өмнө өгөх нь эрх баригчдад ашигтай юм шиг байна. 580 биш 420 мянган төгрөг өгөх бололтой. Зөрүүг нь та нар өгөөрэй. Том дарга нар ЭТТ мухар төмөр зам тавьж идсэн. Өөрсдөө хувааж идчихээд ард түмэнд өгөх болохоор таг. Та нарын амьдрал сайн бол ард түмэнд хэцүү байна. Иргэдийн зээл нийт зээлийн 75 хувийг эзэлсэн нь зээлээс зээлийн хооронд амьдарч байгааг харуулна. Энэ тогтоолыг хурдан батлуул.
УИХ-ын гишүүн Н.Ганибал: Зөвхөн сонгуулийн жилийн өмнө ногдол ашиг өгч байна. Уг нь жил бүр өгөх ёстой. ЭТТ ХК нийт 17 их наяд төгрөгийн оффтэйк гэрээ хийсэн. Бөмбөлөг тээврээр их мөнгө идсэн. Мэргэжилтний гэрээс хэдэн тэрбум төгрөг гарсныг бид мартаагүй. "Эрдэнэс Монгол"-ын захирал С.Наранцогт "Ногдол ашиг өгвөл ЭТТ дампуурна" гэж их буруу ярьсан. Тэгвэл яагаад оффтэк гэрээ байгуулахдаа энэ үгийг хэлээгүй юм бэ?
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.