Талийгаач охины ээж олон нийтээс тусламж хүссэнээр Ерөнхийлөгчийн сонорт хүрэв
2025-09-15 14:16:00

2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Дагвадорж нь 10 гаруйхан хоногийн зайтай 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөгөөд, хэргээ нуун далдлахын тулд цогцсыг чемодан, хувцасны шүүгээнд хийж нуусан аймшигт гарч байв.
Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ хэрэг эцэслэгдээгүй тул 16 настай хохирогч охины ээж олон нийтээс тусламж хүссэн билээ. Ингэснээр өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэд тэр чигтээ анхаарлаа хандуулснаар Ерөнхийлөгчийн сонорт ч хүрэв.
Хохирогчийн ээж яагаад ийн арга мухардан олон нийтээс тусламж хүсэх болсон гэвэл нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д-г хоёр хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан, мөн бусдыг заналхийлэх, хулгайлах, залилах, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг.
Мөн өнгөрсөн нэгдүгээр сард уг хэрэгт өсвөр насны Х.Энхсайханыг яллагдагчаар татан оруулж, 6 сар хориод насанд хүрээгүй хүүхдийг мөрдөн байцаалтын явцад зургаагаас илүү сар хорьж болохгүй тул 6 сар цагдан хориод суллажээ.
Одоо харин цаашид энэ хэргийг шийдэх хүртэл 3 шүүх хуралдаан болно. Тодруулбал
1. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг
2. Гэм буруутай эсэхийг тогтоох хуралдаан
3. Буруутай бол ямар хариуцлага оногдуулахыг шийдэх хуралдаан болно.
Эхний урьдчилан хэлэлцүүлэг энэ сарын 17-ны өдөр болно. Энэ хурлаар хэргийг шүүхээр шийдвэрлэхэд шаардлага хангасан гэж үзвэл шүүхэд шилжүүлж, гэм буруутай эсэхийг тогтоох хуралдааны товыг тогтооно, эсвэл хэргийг үнэн зөв шийдэхэд шаардлагатай нотлох баримт бүрдээгүй гэж үзвэл нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах хурал болно гэсэн үг.
Уг нь энэ хэрэг бүтэн нэг жилийн өмнө болсон ч одоогоор хэрэг шийдэгдэх процесс дөнгөж эхлэх шатандаа явж байгаа бөгөөд хохирогчийн ээжийн өөрийн цахим хуудастаа хэргээс цухас дурдаж олон нийтийн анхааралд орж одоо энэхүү хэрэг олон нийтийн анхааралд байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.