Сэлэнгэ аймгийн Ерөө сумын газар нутгийг Дархан-Уулд хамааруулан ашиг хүртэхээр санаархаж байна гэв
2025-09-18 17:26:00

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн төлөөлөл өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж, газар нутгийн маргаан, улс төрийн оролцоотой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Иргэний хэлснээр, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Б.Жавхлан нарын оролцоотойгоор Засгийн газрын хурлын тэмдэглэлийг аймаг, сумын удирдлагуудад хүргүүлснээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын газар нутгийн бүрэн бүтэн байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл үүсээд байгаа аж.
Ерөө сум болон Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоорондын хил хязгаарын маргаан 2015 оноос хойш үргэлжилжээ. Энэ маргааныг эцэслэхийн тулд 2018 онд холбогдох байгууллагаас ажлын хэсэг байгуулж, хоёр аймгийн Засаг даргад шийдвэр хүргүүлсэн байна. Тухайн шийдвэрээр 1978 онд тогтоосон хил хязгаарыг мөрдөх ёстой гэж шийдвэрлэсэн ч улс төрийн нөлөөгөөр газар нутгийн маргаан даамжирсаар өнөөдрийг хүрчээ.
Тодруулбал, Ерөө сумын “Хонгор” нэртэй бүс нутагт “Болд төмөр Ерөө гол”-оос хоёр дахин их нөөцтэй төмрийн хүдрийн орд бий. Энэ баялагт шунасан улс төрчид тухайн газрыг хилийн цэсийг Дархан-Уул аймгийн газар нутагт хамааруулж ашиг олохыг санаархаж байна гэв.
Хууль бус улс төрийн нөлөө аймаг, сумдын үйл ажиллагаанд хүндрэл үүсгэж, төрийн бус харин хувь хүний засаглал тогтож төрөөс тэрбумтан төрдгийн жишээ болж байна.
Ерөө сумын 2500 иргэн газар нутгийн хилийн цэсийн маргааныг эсэргүүцэж гарын үсэг зуржээ. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэд төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүдэд хандаж АТГ, ЦЕГ, Төрийн албаны зөвлөл энэ асуудлыг анхаарч ажиллахыг хүсэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.