''Алт3'' хөтөлбөрт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
2025-09-18 11:10:00

Ерөнхийлөгч өнгөрсөн зургаадугаар сард “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавьсан. Учир нь УИХ-ын 85-р тогтоолд алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг, түүний хилийн заагийг өөрчлөх талаар агуулга тусгасан. Ерөнхийлөгч үүнийг байгаль орчныг хамгаалах бодлого, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай зөрчилдөнө гэж үзсэн. Улмаар уг тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан билээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2025.09.17/ хуралдаанаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
Хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр танилцуулав. Тэрбээр, Монгол Улс тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлж, байгаль орчноо хамгаалах бодлогыг баримтлах ёстой. УИХ-ын 2025 оны 85 дугаар тогтоолын 5 дугаар заалтад алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор УИХ-ын 2020 оны 46, 47 дугаар тогтоолуудад өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэхээр тусгасан.
Энэхүү яаралтай өргөн мэдүүлж, өөрчлөлт оруулахаар дурдсан тогтоолуудад зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлсэн байна. Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх бодлого тууштай хэрэгжих нь зүйтэй боловч энэ хүрээнд алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг, түүний хилийн заагийг өөрчилж, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг багасгах хууль зүйн нөхцөл боломжийг бүрдүүлсэн байгааг дурдав.
Мөн УИХ-ын 2025 оны 85 дугаар тогтоолын 3 дугаар зүйлд энэ тогтоолыг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй хэмээн заасан нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсэгт заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг зөрчих шинжийг агуулсан байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр “Алт-3 аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүсжээ.
Хоригтой холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.