Непалын үймээнээс авах сургамж
2025-09-10 16:59:00

Непалд юу болов?
Сүүлийн өдрүүдэд Непалын нийслэл Катманду болон томоохон хотуудад олон мянган хүн жагсаж, цагдаа хүчний байгууллагатай мөргөлдөж, үймээн дэгдэж байна. Үүний үр дүнд парламентын ордон болон засаг захиргааны барилгууд шатаж, зам тээвэр хаагдаж,албан ёсны тоогоор дор хаяж 19 хүн амь үрэгдэн олон арван хүн шархадсан гэх мэдээлэл дэлхий даяар цацагдаж байна.
Энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөн анх Непалийн төр засаг Facebook, YouTube, X зэрэг түгээмэл сошиал платформыг хязгаарласан шийдвэрийг эсэргүүцэж жагсаж эхэлжээ.
Жагсаалыг эхлүүлсэн хүмүүс ихэнх нь Gen Z үеийн залуус бөгөөд хэдэн арван жил төрд суусан хүмүүсийн бий болгосон ажилгүйдэл, авлига, улс төрийн үр ашиггүй шийдвэр, ардчилалгүй, эрх ашгаа боолгосон энэ бусармаг тогтолцоог эсэргүүцэв.
Засгийн газар жагсагчдыг тараахын тулд хүч хэрэглэсэн ч эсрэгээрээ олон нийтийн уур хилэнг нэмэгдүүлж, эцэстээ Ерөнхий сайд нь огцорчээ.
Монголд ийм эрсдэл бий юу?
Монгол Улс 1990-ээд оноос хойш ардчилсан тогтолцоогоо төлөвшүүлж ирснээс хойш ардчиллын үндсэн зарчмаасаа ухарч, ардчилал бага багаар алга болохын зэрэгцээ авлигын индекс өссөөр байгаа. Өнөөдөр Монгол улсад авлига, баялгийн шударга бус хуваарилалт, залуусын ажилгүйдэл зэрэг нь эмзэглүүлж байна. Тухайлбал, "Transparency International"-ийн авлигын индексээр Монгол улс 2024 онд 114 дүгээрт жагссан байна. Харин Непал 107-д жагссан. Авлигын индекс их, шударга бус хөрөнгөтөн нийгэм баян ядуугийн ялгаа их байдлаас ийм байдалд хүрээд байгаа нь өнөөдөр бидэнд аюул ойрхон байгааг харуулж байна.
Тиймдээ ч сүүлийн жилүүдэд Монголд олон нийтийн томоохон эсэргүүцэл өрнөж, 2022 оны нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой жагсаал, 2025 онд Засгийн газар огцрох зэрэг үйл явдал болсон. Энэ нь иргэдийн бухимдал хурц үедээ тэсрэх эрсдэлтэйг харуулж байгаа юм.
Хэрэв ажилгүйдэл, авлига, орлогын тэгш бус байдал улам нэмэгдвэл Монголд ч сошиал орчинд эхэлсэн эсэргүүцэл бодит жагсаал болон хувирах эрсдэл бий.
Бид Непалын жишээнээс ямар сургамж авч болох вэ?
• Засгийн газар Авлига, хамаарал, баялгийн шударга бус хуваарилалтын эсрэг ил тод, хурдтай, хараат бус арга хэмжээ авахгүй бол ард түмэн тэсрэхэд бэлэн байна.
• Залуучуудыг дэмжиж ажилгүйдлийг бууруулах, орон нутагт шинэ боломж бий болгох бодлого хэрэгтэй. Ирээдүй бүрхэг ойлгомжгүй байх нь тэмцэл, хөдөлгөөн үүсэх том шалтгаан мөн.
• Хүчний байгууллага хүч хэрэглэж, асуудлыг дарах нь нөхцөл байдлыг улам хүндрүүлдгийг Непалын жишээ харууллаа. Харин хууль, шүүхийн замаар ил тод шийдвэр гаргах нь нийгмийн итгэлийг хамгаална.
Непалын үйл явдал Монголд “ийм зүйл болохгүй” гэх баталгаа биш гэдгийг сануулж байна. Авлига, шударга бус хуваарилалт, залуусын бухимдлыг үл ойшоовол, цахим сүлжээний эринд иргэдийн бухимдал маш хурдан хүчтэй хөдөлгөөн болон хувирах боломжтой.
Одоогоор Монголд байгаа давуу тал бол ардчилсан тогтолцоо, хэвлэлийн эрх чөлөө, олон нийтийн дуу хоолойг сонсох суваг байсаар байгаа явдал юм. Энэ бүхнээ алдвал Непал шиг үймээн ойрхон байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.