БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2023-06-30 15:49:00

Баянгол дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангид хуралдлаа.

Хуралдаанаар зөвлөлийн 2023 оны эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажил, “Аюулгүй эрсдэлгүй дүүрэг” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах удирдамжтай танилцаж, Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн танилцуулгыг сонсов.

Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Оюуболд хийж гүйцэтгэсэн ажлаа танилцуулах үеэрээ Гал түймрийн дуудлага багассан гэдгийг онцоллоо. Тухайлбал, 2019 онд гал түймрийн дуудлага 132 бүртгэгдэж байсан бол 2022 онд 109, 2023 онд 45 дуудлага бүртгэгджээ.

Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн захирагч, ахмад С.Буян-Арвижих “Гал түймрийн дуудлага буурч байгаа нь гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүн сайн байгааг харуулж байна. Гэхдээ орон сууцанд гал гарахад гарц, орц хаалттай, чиптэй байдгаас шалтгаалан гал унтраах машин орох боломжгүй, цаг алдах тохиолдол их гардаг нь тулгамдсан асуудал болсон” гэлээ.

Энэ асуудлыг шийдвэрлэх, обьектын гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор онцгой байдал, эмнэлэг, цагдаа зэрэг тусгай байгууллагуудын машиныг чөлөөтэй нэвтрэх боломжийг бүрдүүлэх үүднээс “Гарц” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэв.

Ер нь иргэд мэдээ мэдээлэл дутмагаас эрсдэлд орох тохиолдол их гардаг. Тэгэхээр цаашид аливаа гамшиг, эрсдэлээс сэргийлэх чиглэлээр мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлэг түгээхэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа онцоллоо.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.