СУРВАЛЖЛАГА: Өөрийн хоббигоо БРЭНД болгож чадсан бүсгүй Э.Намуун
2021-11-08 16:32:00
Өөрийнхөө хоббиг брэнд болгон хөгжүүлсэн Э.Намуун гэх эмэгтэйг энэхүү сурвалжилгаараа онцоллоо. Тэрбээр хүсэл тэмүүлэлдээ үнэнч байж тууштай хөдөлмөрлөсний эцэст өдгөө эмэгтэйчүүдийн гоёл чимэглэлийн энгэрийн зүүлтний “АриНами” брэндийг үүсгэн байгуулжээ.
Монголд шинэлэг гэгддэг гар урлалын тэр дундаа энгэрийн зүүлт нь дэлхий дахинд урлаг болтлоо хөгжсөн. Тиймээс монголынхоо хэв маяг ахуй амьдралтай уялдуулан урлахыг зорьсон байна. Э.Намуун эх орондоо ирээд чөлөөт цагаараа судалгаа хийж, материалаа дөрвөн жилийн турш цуглуулж, энгэрийн тэмдэг хийж эхэлсэн нь брэндээ үүсгэж хөгжүүлэх эх суурийг тавьжээ.
-Брэнд үүссэн түүхээсээ бидэнтэй хуваалцаач анх яаж санаагаа олж байсан бэ?
Анх 2015 онд хүүхдээ төрүүлээд гэртээ сууж эхэлсэн цаг үеэс цаг зав гарвал өөрийгөө шинэ зүйлд, турших сурахыг эрмэлздэг байлаа. Нэг өдөр санамсаргүй инстаграмаас оросуудын хийсэн энгэрийн тэмдгийг олж хараад өөрөө хийж үзмээр санагдсан юм. Ингээд интернетээр багшаа хийн сурч эхэлсэн дээ. Эхэндээ гэр бүлийнхээ хүрээнд захиалга авч гар урлалаа хийдэг байв. Аажмаар гэр бүлийн танилууд, найз нөхдөөс захиалга ирж үүндээ ихэд урамшин илүү их цаг зав зарцуулан гар урлалыг судлаж, сонирхох болсон.
-Брэндийнхээ онцлогийн талаар? Ямар хэв шинжийг өөрийн бүтээлдээ шингээхийг зорьдог вэ?
-Энгэрийн тэмдгийн агуулга тайлбар нь фэн-шуйгээс эхлэлтэй. Тийм ч учраас захиалагчийнхаа төрсөн он, сар, ордоор нь ээлтэй чулуу, өнгө, дүрсийг харгалзаж цорын ганц энгэрийн тэмдэг урладаг. Бүтээлээ цэвэр байгалийн гаралтай чулуугаар тухайн эзэндээ зөв энергийг бий болгоосой гэсэн үүднээс чин сэтгэлээсээ урладаг. Мөн Монголынхоо эртний өв соёл, хээ угалзыг орчин цагтай хослуулахыг зорьдог.
"Сэтгэлээ шингээж уралдаг юм бүхэн хамгийн үнэтэй"
- Таны цаашдынхаа төлөвлөгөөнийхөө талаар бидэнтэй хуваалцаач?
-Эхний ээлжинд энгэрийн тэмдэгээ хөгжүүлэн таниулж, хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой. Ихэнх хүмүүс энгэрийн тэмдэгийн гар урлалын гүн утга агуулгыг тэр бүр мэдэхгүй байгаа ажиглагддаг. Өмсөж зүүж байгаа зүйлийнхээ утга учир, урлахдаа бүтээгчид нь юу бодож урласан, яагаад ийм дүрс хэлбэр чулуу сонгосон зэргийг хэрэглэгч мэдэж байвал бидний бүтээлээ хийж байгаа шалтгаан, урласан үнэ цэнэ оршино. Тиймээс энэ үнэ цэнэ, үзэл бодлоо таниулах нь хамгийн чухал.
"Эх орондоо төдийгүй экспортоор бүтээгдэхүүнээ Япон улс руу гаргахаар төлөвлөжээ"
Аливаа ажлын эхлэл нь хамгийн чухал. Э.Намуун хүүхэд төрүүлээд гэртээ суух хэсэгхэн хугацааг ашиглаж, гар урлалынхаа ажлыг тууштай хийжээ. Тэрбээр анхны бүтээл болох шар шуваагаа хоёр өдрийн турш оёсон байна. “Шинэ” хүн дээр зочилж ирсэн хүмүүст сэтгэлээ шингээж урласан энгэрийн тэмдэгээ бэлэглэдэг байсан гэдэг. “Одоо харахад анхны бүтээл царай муутай ч гэсэн сэтгэлд ойрхон байдаг” хэмээн инээмсэглэх түүний хэлж буй үгнээс энэ урлалд “дурлаж” хийдэг нь хэн хүнд илт. Гэр бүлийнхэн төдийгүй найзууд нь урамын үг хэлж, энгэрийн зүүлт захиалдаг байв.
“АриНами”брэндийхэн одоогоор энгэрийн зүүлтний захиалга голчлон авдаг. Мөн ээмэг хүзүүний зүүлт, бугуйвч, толгойн гоёл, цүнх, даалин, хувцасны чимэлэглэлийг ч хийж байна. Үйлчлүүлэгчийн хүсэл сонирхолд нийцүүлэн чанарын өндөр төвшинд урлахыг эрхэмлэн ажилладаг тэд үнэт болон ээлтэй чулуугаар нь энгэрийн тэмдэгийг хүссэн өнгө загвар, дүрсээр нь хийдэг. 100 хувь гар ажиллагаагаар бүтдэг учраас үнэлгээний хувьд өндөр.
Хийж бүтээх хүслээр хөглөгдсөн хоёр найз “Хөл хорио дуусахаар хийх ажил их байна” хэмээн ярилцах бүсгүйчүүд урд, хойд хөрш рүү материалын судалгаанд явахаар төлөвлөжээ. Урлангаа өргөжүүлж, гар урлалд сонирхолтой хэн хүнд нээлттэй сургалт зохион байгуулахаас гадна хувцас загварын салбарт хувьсал хийсэн бүтээл туурвих туйлын хүсэл өвөртлөн ажиллаж байна. Эх орондоо төдийгүй экспортоор бүтээгдэхүүнээ Япон улс руу гаргахаар төлөвлөжээ.
Эцэст нь дүгнэхэд ямар нэг зүйлийг хийхэд хэцүү эсвэл хиймээргүй санагдаж байвал тэрийгээ орхиод зүгээр л өөрийнхөө дуртай зүйлийг хийж хүссэнээрээ л байгаарай. Тэгвэл та хэнээс ч илүү амжилт гаргана гэдгийг энэхүү сурвалжилгаараа хүргэхийг хүслээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.