14 хотын асуудлаар ХЭН ЮУ ХЭЛЭВ?
2025-05-06 15:16:00

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар Улаанбаатарыг 14 хотод хуваахаар болсон талаар зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Г.ЛУВСАНЖАМЦ: Хотыг хэд хуваах нь чухал биш ойр орчмоосоо бүх үйлчилгээгээ авч чаддаг байх л чухал
"Нийслэлийг 14 хот болгож хуваах гэдэг дээр ач холбогдол өгөх биш засаг захиргааны нэгж болон төрийн үйлчилгээг 20 минутад хүргэе гэдэг үндсэн зорилго байгаа. 14 хот болгож хуваах хил зааг ч одоогоор эцэслэгдэж тогтоогүй. Засгийн газрын өргөн барьснаар УИХ шийдвэрлэнэ гэсэн байдалтай байгаа. Одоогийн байдлаар өргөн барьсан зүйл байхгүй байна. Гэхдээ хотыг хэд хуваах нь чухал биш 20 минутын дотор гараад л сургууль, цэцэрлэг, эмийн сан нь байж байдаг үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд л бид анхаарлаа төвлөрүүлээд явж байгаа. Цаашид ч энэ байр суурин дээр байна".
УИХ-ын гишүүн П.САЙНЗОРИГ: 14 хот болгоно гэдэг нь иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж л байгаа хэрэг
"Есөн дүүргээс төвийн зургаан дүүргийг 14 болгох гэлээ гэж иргэд шоолж яриад байгаа. Зарим дүүрэг 5000 хүнтэй. 5000 хүнд Засаг дарга төрийн үйлчилгээг аппаратаараа хүргэхэд нэг өөр цаг хугацаа, стандарт мөрдөгдөж байхад зарим дүүрэг 500 мянган хүнтэй. Ялгаагүй нэг Засаг дарга, ЗДТГ байгаа. Энэ нь цаад углуургаараа иргэдэд хэрэгтэй төрийн үйлчилгээг ойртуулах л зорилготой. Тиймээс зохистой хэмжээнд 14 хотод хувааж, иргэд захирагчаа сонгож, наад захын нохой, муур, хог, цэцэрлэгт хүрээлэнгийн асуудлаа шийдье л гэж байгаа. Гэтэл зарим хэсэг асуудлыг бүдгэрүүлж байгаа нь туйлын харамсалтай байна. Хэрэгжихэд мэдээж тодорхой хэмжээний бэлтгэл шүаардлагатай учир 1, 2 жил хойшлуулж, хангаж яваасай гэсэн бодолтой байна.
Жишээлбэл, Сонгинохайрхан дүүрэг гурван хотод хуваагдаж байгаа бол тус дүүргийн 45 төлөөлөгч хотын зөвлөлийг ямар ч байсан 2028 он хүртэл шилжилтийн байдлаар зохицуулж, 2028 онд Хотын захирагч болон төлөөлөгчдөө сонгох сонгуулиа хийе гэж тусгасан".
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.