Г.Тэмүүлэн: Сангийн яам хуулиар хулгай хийхдээ мэргэшсэн байна
2025-05-08 15:32:00

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай гэсэн энэ хуулийн төслийг үндсэндээ Сангийн яам бусдаар гар хөл бариулж, хийсэн байна. УИХ-ын гишүүд энэ хуулийн төслийг өргөн барих гэж байгаа юм шигээр 40 орчим гишүүнээр гарын үсэг зуруулсан байна. Төсвийнхөө өр зээлийг гадна гаргах хуулийн төслийг хийж байгаа юм байна.
Бид тэр гадаад зээлийг ямар ч нэрээр нэрлэсэн ч, өөрсдийгөө хэчнээн хуурсан ч, өр зээлээ төлөх л нөхцөл байдал үүснэ.
Нэгд, Сангийн яам мэдэхгүйгээр нь далимдуулж УИХ-ын гишүүдээр гарын үсэг зуруулж, хуулийн төсөл оруулж буйгаа боль. Сангийн яам бол хуулийнхаа хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна. 2024 оны төсвийн тодотголыг яг ийм байдлаар хийсэн.
Одоо 2025 оны төсөвт тодотгол хийхдээ яг энэ аргаараа хийж байна. Хуулийн хулгайгаар. Үндсэндээ 2025 оны төсөвт гурав дахь удаагаа гар хүрч байна. Та нар энэ асуудалд зөв зарчмаар нь ханд.
Магадгүй би буруу жишээ хэлэх гэж байж мэднэ. 10 орчим жилийн өмнө өрийг өглөг гэдэг үгээр солих саналыг нэг гишүүн гаргаж байсан. Үүнээс ч долоон дор зүйл болж байна гэж харж байна. Хэчнээн хуулийн нэр томьёог өөрчилсөн ч зээлээ эргүүлээд төлнө. Сангийн яамныхны энэ тэнэглэлээр бол Монгол Улсын өртэй айл бүр зээлээ өрхийнхөө данснаас хасаад, өр зээлгүй юм шиг нүдээ аниад хэсэг явах юм байна л даа. Тэгээд улс эх орноороо, айл өрхөөрөө дампууралд орох юм байна. Ийм зүйлийг хийж болохгүй.
Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд муудсан. Үүнийг бид засах ёстой. Төсөв санхүүгийн байдал хүндэрлээ. Ард түмний амьдрал хэцүү байна.
Тиймээс Сангийн яам ийм байдлаар эдийн засагт хандахаа боль.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.