Энэ онд 143 мянган иргэн ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор гадагшаа явжээ
2025-05-08 11:42:00

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч дөрөвдүгээр сард төлөвлөгөөт хоёр, төлөвлөгөөт бус 24 удаагийн хяналт шалгалтад 304 аж ахуйн нэгж, байгууллага, 3891 гадаадын иргэнийг хамруулжээ.
Зөрчилд холбогдсон нийт 1319 гадаадын иргэн, 308 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ. Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 13 улсын 219 иргэнийг хилээр оруулалгүй буцаажээ. Энэ оны эхний улиралд давхардсан тоогоор 1.6 сая зорчигч улсын хилээр нэвтэрчээ.
Үндэсний Статистикийн хорооны мэдээлснээр энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 290 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт аж. Тодруулбал, улсын хилээр нэвтэрсэн зорчигчдын 699 мянга нь монголчууд, 125 мянга нь гадаадын иргэн байна. Нэгдүгээр улиралд 825 мянган зорчигч улсын хилээр орсон бол гадаад улс руу зорчигчдын тоо давхардсан дүнгээр 688 мянга байна.
Тухайлбал, БНХАУ руу 88 мянга, ОХУ руу 3400, Вьетнам руу 7000, БНСУ руу зорчсон иргэдийн тоо 5800-аар нэмэгдсэн байна.
Өнгөрсөн оны мөн үеэс хойш Вьетнам улс руу аялагчдын тоо 20 мянга давсан нь жилийн өмнөх үеэс 64 хувиар өсчээ. Гадаадад зорчигчдын 20 мянга нь албан ажлаар, 667 мянга нь хувийн зорилгоор зорчсон бөгөөд ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор 143 мянга, аялал жуулчлалаар 110 мянга, бусад зорилгоор 384 мянган иргэн улсын хилээр гарсан байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.