Ж.Алдаржавхлан: Удирдлагын академийн захирал нь сард 56 сая төгрөгийн цалинтай гэнэ
2025-05-08 13:04:00

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, УИХ-ын даргын нэр дэвшүүлснээр, С.Магнайсүрэнг томилох гэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан нэр дэвшигчээс асуулт асууж санал хэллээ.
Энэ Удирдлагын академи гэж статус нь ойлгомжгүй байгууллага байдаг юм. Нэг харахад сургууль ч юм шиг. Нөгөө харахад төрийн өмчит компани ч юм шиг. Нэг гараараа оюутнуудаас төлбөр авдаг. Нөгөө гараараа улсын төсвөөс татаас авдаг байгууллага бий. Энэ байгууллагын статусыг нэг тийш нь болгож өгөөч ээ, аудитын үйл ажиллагаа явуул өгөөч ээ гэсэн хүсэлтийг өмнөх удирдлагад тавьсан. Айсан уу, яасан нь мэдэгдэхгүй алга болсон.
Учир нь тэр байгууллага санхүүгийн томоохон зөрчилд орсон гэсэн мэдээллийг доторх ажилтан, алба хаагчид нь байнга хэлж байгаа. Захирал нь сард 56 сая төгрөгийн цалин авч байна. Төсвийн сахилга батыг маш ихээр зөрчсөн ийм асуудал үүссэн.
Тийм учраас та очоод, Үндэсний аудитын газраас Удирдлагын академи гэдэг байгууллагын статусын асуудалд нэг аудит хийж өгөөч.
Ер нь төрийн албаныхныг мэргэшүүлэх гэж байгаа юм бол заавал дарга нараар дамжаад байх шаардлагагүй гэж үзэж байна. Нэр нь хүртэл удирдлагын гэх. Зөвхөн дарга нарт зориулсан академи байна.
Нэг бол төрийн албаныхныг мэргэшүүлэх академи болох ёстой. Эсвэл өөрийнхөө сургалтын төлбөрөөр үйл ажиллагаа явуулдаг МУИС шиг сургууль байх ёстой. Энэ чиглэлээр С.Магнайсүрэн та тодорхой арга хэмжээ авч өгөөч ээ гэж хүсэж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.