ХЭН ЮУ ХЭЛЭВ: Эрх чөлөөг хуульчлаад байх тусам хумигдана
2025-04-25 10:34:00

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Эрх чөлөөг хуульчлаад байх тусмаа улам хумигдана
“Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас өргөн барьсан. Энэ хуулийн төслийг анхнаасаа дэмжихгүй гэж хэлсэн. Миний ахалж байгаа хуулийн төсөл бол өөр. О.Алтангэрэл сай хүсэлт тавьсан. Танай ажлын хэсгээс гарч байгаа санал хүсэлтийг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгая гэж хэлсэн.
Сэтгүүлч нар нэмж эрх чөлөө хүсээгүй. 1998 онд батлагдсан хуулиа хэрэгжүүлээд өгөөч л гэж байгаа. Цар тахлын дараагаас төрийн мэдээлэл олдохоо байсан. Эрх чөлөө нээлттэй байх ёстой. Эрх чөлөөг хуульчлаад байх тусам хумигдана. Энэ хуулийн төслийг буцаад татах санал хэлж байна”
гэсэн бол
Л.Мөнхбаясгалан: Хэвлэлийн эрх чөлөө гэдэг чинь ардчиллын суурь зарчим шүү
"Маш олон сэтгүүлч шоронд явдаг. Юм л бол Зөрчлийн хууль, Эрүүгийн хуулиар яллагддаг. Дээр нь ёс зүй гэж үнэхээр байхгүй болчихсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Хэн мөнгө төлж байна , түүнд үйлчилдэг болсон гээд муу талууд асар их. Үүнийг засах ёстой нь үнэн. Гэхдээ хэвлэлийн эрх чөлөө гэдэг чинь ардчиллын суурь зарчим. Хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө зэрэг хүний заяамал эрхэд суурилсан хууль учраас үүнийг маш олон зүйл заалтад оруулж хэрчих тусмаа буруу болно".
УИХ-ын гишүүн П. Сайнзориг: Одоо батлах гээд байгаа хуулийн төсөл чинь эх сурвалжаа нууцлах зарчмыг зэрэмдэглэсэн байна
"Сэтгүүлчийн ёс зүйн асуудлыг арбитраар шийддэг тогтолцоотой болмоор байна. Өөрөөр хэлбэл, гүтгүүлсэн хүн өөрийн арбитрыг, сэтгүүлч ч өөрийн арбитрыг сонгож маргааныг шийддэг зарчим дэлхийд тогтсон. Яг ийм жишгээр Европын орнууд шийдвэрлэдэг.
Бид энэ жишгээр явах санал гаргаад байхад уг хуулийн төсөлд тусгаагүй байна. Уг нь энэ асуудлыг шийдэх гэж хуулийн төслийг шинэчилж байгаа биз дээ? Эх сурвалжаа нууцлах нь чухал ч, энэ төсөлд уг зарчмыг зэрэмдэглэсэн байдалтай тусгасан байна. Гоё, анхаарал татсан гарчиг тавьчихсанд харамсаж байна”
гэлээ.
УИХ-ын гишүүн С. Эрдэнэболд: Гүтгэх, доромжлох асуудлыг хэвлэлийн эрх чөлөөтэй шууд хольж ойлгох нь буруу
"Хэвлэн нийтлэх эрх чөлөө дэлхий даяар томоохон сорилттой тулгарч байна. Гэхдээ гүтгэх, доромжлох асуудлыг хэвлэлийн эрх чөлөөтэй шууд хольж ойлгох нь буруу. Редакцгүй сошиал контент бүтээгчдийг сэтгүүлчидтэй нэгтгэн үзэх биш, тусад нь авч үзэх хэрэгтэй. Энэ хуулийн төсөлд ялгаж салгасан, эмх цэгцтэй зохицуулалт оруулах шаардлагатай.
Үндсэн хуульд заасан үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хажуугаар эвлэлдэн нэгдэх асуудлыг ухаалгаар зохицуулах хэрэгтэй. Эх сурвалжаа нууцлах, сэтгүүлчийг хорих зэрэг асуудлыг багасгах чиглэлд хуулийн төсөл чиглэж байгаа гэж ойлгож байна. Уламжлалт сэтгүүл зүй өөрчлөгдсөн энэ үед эмх цэгцтэй, бодлоготой хандах ёстой. Шууд механик байдлаар хандвал үр дүнгүй”
хэмээв.
УИХ-ын гишүүн А. Ариунзаяа: Мэдээллээ хүргэхдээ заавал тендер зарлаж олон нийтэд хүргэх хэрэгтэй гэх заалт байгаа. Гэтэл нийгэмд хэрэгтэй мэдээллийг үнэ төлбөргүй хүргэж болохгүй юу?
"Сэтгүүлч өөрийн цахим хуудсаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлсэн тохиолдолд тухайн мэдээлэл нь сэтгүүлчийн ажил уу, эсвэл хувь хүний байр суурь уу гэдгийг ялгаж салгах шаардлагатай. Хариуцлага хүлээх эсэх нь ч тодорхойгүй байна. Мэдээллээ хүргэхдээ заавал тендер зарлаж олон нийтэд хүргэх хэрэгтэй гэх заалт байгаа. Гэтэл нийгэмд хэрэгтэй мэдээллийг үнэ төлбөргүй хүргэж болохгүй юу?
Үзэл бодлоо илэрхийлэх эрх байгаа ч ёс зүй, гүтгэлгийн заагийг тодорхой болгох шаардлагатай. Мөн төрийн мэдээллийн цахим хуудсуудыг бүгдийг хаах уу гэдэг асуулт байна. Энэ талаар хуулийн төсөлд хэрхэн зохицуулсан нь ойлгомжгүй. Түүнчлэн нэмэлт заалтууд нь дан ганц хувь хүний сэтгүүлчтэй холбоотой байгаа нь дутуу, ойлгомжгүй хуулийн төсөл болсон байна”
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.