ГАНХУЯГ VS ШШГЕГ: Ганхуягийг ховсдов уу хордуулав уу?

2023-12-07 15:37:00

Нүүрсний сонсголын гурав дахь өдрөөс, том тавантолгойн санхүүгийн үзүүлэлтүүдийг хэлэлцэж байгаа. Үүгээр ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг гэрчээр дуудагдсан.

Гэвч шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хоригдож буй хүнийг түр суллаж, УИХ-ын хянан шалгах түр хорооны хуралдаанд суулгах хуулийн боломж байхгүй гэсэн. Харин Ганхуягийн эгч дүү нар Төрийн ордонд ирж, Б.Ганхуяг өөрөө сонсголд оролцох хүсэлтэй байгааг нь уншиж сонордуулсан юм. Харин Б.Энхбаяр сайд "Би Үндсэн хууль зөрчиж, Б.Ганхуягийг авч ирвэл сайдаас огцрох хэмжээний асуудал болно. Иймд сонсгол үймүүлэх гэсэн ийм оролдлогыг хүлээж авахгүй" гэж мэдэгдсэн. Түүнчлэн "Б.Ганхуягийн биеийн байдал хүндэрч, үс, цуснаас нь их хэмжээний хүнцэл, хар тугалга илэрсэн. Энэ нь эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл учруулж болзошгүй байна. Түүнийг хордуулсан нь хэн нэгний санаатай үйлдэл. Тиймээс Б.Ганхуягийг санаатай алахыг завдаж байна хэмээн үзэж, уг асуудлыг шалгуулахаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд гомдол гаргасан.  Мөн нүүрсний гэх тодотголтой хэрэгт ганцхан Б.Ганхуягийг цагдан хорьж шалгаж байгаа. Гэтэл энэ хүнийгээ нүүрсний сонголд оруулахгүй байгаа нь хардлага төрүүлж байна" гэдгийг онцолж байлаа.

Харин үүний хариу болгож ШШГЕГ мэдээлэл хийхдээ хорих 461 дүгээр ангид өнөөдөр 800 гаруй хоригдогч байна. Бүгдээрээ нэг гал тогооноос хоол ундаа идэж, уудаг. Хоригдогч Б.Ганхуягийн хувьд биенээс нь хүнцэл илэрсэн гэж ярьж байгаа. Энэ нь хүний биед тодорхой хэмжээгээр зайлшгүй байдаг химийн элемент. Хоригдогч Б.Ганхуяг анх 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд цагдан хоригдсон.

Жижүүр эмчийн тэмдэглэлд "Биеийн эрүүл мэнд тогтвортой, амин үзүүлэлт хэвийн. Хөлийн шилбээр хуучин харшлын сорвитой" гэж хүлээж авсан тэмдэглэл байдаг. Б.Ганхуягийг хоригдсон цагаас нь эхлээд хорих ангийн эмнэлгийн хяналтад байгаа.

Эмнэлэгт гурван удаа хэвтсэн. Хорих ангийн эмнэлгээс гадна 2023 оны тавдугаар сард "Интер мед", арваннэгдүгээр сард "Сонгдо" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, зургаан удаа лабораторийн шинжилгээнд, гурван удаа багажийн шинжилгээнд хамрагдсан. Одоогийн байдлаар биед нь эмгэг өөрчлөлт илрээгүй. Ерөнхий хордлогын шинж тэмдэг хүний биед илрэхдээ бөөлжинө, гүйлгэнэ, бие сульдана, ядарна, булчин суларна. Энэ хүнд тийм шинж тэмдэг илрээгүй байна. Амин үзүүлэлтүүд хэлбэлзээгүй байна" гэдэг мэдээллийг өглөө.

Тэгвэл хэргийнхээ гол учгийг тайлах хүнээ оролцуулахгүй байх нь хэнд ашигтай вэ?

 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.