Аяллын тэмдэглэл: Алтай Таван богдын сүр бараа
2025-09-03 12:26:00

Зуны сар зургаа биш ч зургаан сар бодох дүрслэх дурсамж бүтээж өгдөг билээ. Ингээд зургаа сар бүр зургаан жил ч дурсах дурсамж бүтээж ирснээ хуваалцъя.
Увсын цэнхэр хязгаарыг холоос ажингаа Ховдын сүрлэг өндөр уулс дундуур явахад яах аргагүй торгон салхи нь хацар илбээд цаанаа л сэтгэл цэлмээсэн цэвэр агаартай болж ирэв.
Сутай хайрхан, Цамбагарав гэх мэт Мөнхцаст хайрхануудыг харж үүнээс илүүг харна гэдэг шунал хөдлөн давхисаар бид үдшийн бүрий болохоос арай өмнө Баян-Өлгий аймагт ирэв. Орой нар жаргах үестээ Ховд голын сүртэй толионд нарны тусгал буучихсан, сүр бараа ихтэй хад асгатай гандуухан Өлгий хот үлгэрийн харагдаж байв.
Дотор нь орж бинзен колонк дээр зогссон цагаас эхлэн Казак хүмүүс чинь бидэнтэй адил Монгол хүн гэсэн бодол маань замхарсан. Тэд чинь царай төрхийн хувьд, хэл яриа, шашин шүтлэг, хандлага, үзэл бодол гээд үнэхээр биднээс өөр хүмүүс юм билээ. Зүгээр л бараг л хүчээр шахуу бид элэг нэгтэн болж амьдраад байгаа юм уу даа гэмээр.
Заа тэгээд талбай дээр зогсоод хонох буудал хайх зуурт л Алтай таван богд яаж явах, хэдэн төгрөгөөр явах хэд хэдэн санал сонсов.
Тэднээс нэг настай казах ахыг сонгож аваад маргааш өглөө 10 цагт уулзаад бид нэг машинаа үлдээгээд ахыг дагаад явахаар болов. Ах өвгөн прадо маркын машинтайгаа өглөө ирж бидний аваад өөрийнхөө гэртээ аваачив. Анх удаа тийм том, тийм ганган гэрт орж үзлээ. Цэцэг хээ хуар, битүү хивс зүгээр л тав тух. Яаж барьдаг юм болоо л гэж бодсон.
Хөтөч ах маань биднийг Хотон Хурган нуур, Бага Түргэний хүрхрээ, сүүн гол, Потаны мөсөн гол, Александрын мөсөн голыг үзүүлэх нийт 600 км аяллыг 2 шөнө 3 өдөрт амжуулахаар дагуулж явав.
Эхний өдөр бид шууд Багатүргэний зорин 200 км явав. Маш урт гол, маш өндөр, урт хавцлууд дундуур хэдэн км явсан бүү мэд. Лав 2 цаг орчим явсан байх. Үнэхээр сүрдэм, тэгээд гол дагаж машинтай тийм урт замыг туулж явах миний мөрөөдөл байсан тул үнэхээр сонирхолтой. Гэхдээ жаахан аймар.
Зам зуур таарах ус бүр рашаан гэмээр тунгалаг. Хавцлаас дөнгөж гараад гэнэт өөр газар ирсэн мэт хангайн бүс нутаг шиг өндөр мод, ногоон тал бүхий газар. Нөгөө их хад асга гэнэт л алга болсон мэт. Гэнэт айлын өвөлжөө гэмээр баахан хашаа хороо харлаа гэтэл оршуулгын газар байсан. Яг л хот тосгон шиг. Та нар харж байсан уу. Тэгээд л тэд монголчуудаас бүр тэс өөр юм билээ шүү дээ.
Заа ингээд гайхширч яваад баруун зүг харвал тэр зүгт хэдийн харанхуй болсон мэт харанхуйлж харагдах нь тийм хэмжээний өндөр уулс байгааг илтгэнэ. Жаахан баруун хойш харвал маш холоос дөнгөж үзүүр нь харагдах цаст уулсыг харна.
Дахиад л бөөн бөөн бөөрөнхий цагаан чулуутай зам орж ирэхтээ зэрэгцэн жижгэвтэр даваа өгсөөд хартал "ээ бурхан минь" миний өмнө хэзээ ч харж байгаагүй үзэсгэлэн гоо. Алсаараа нөгөө холоос харлаад харагдаад байсан өндөр уулс оройгоороо цастай түүнээсээ жаахан доошлоод ногоон улаан алагласан мод будтай, тэгээд наана 6нь урт нь 18 км орчим үргэлжлэх Хурган нуур. Нуурын бидний очиж байгаа талаас яг л хурганы буржгар арьс мэт бөндгөр бөндгөр чулуутай. Залгаад Хотон нуур бас үүн шиг үзэмжээ гайхуулаад байж байдаг.
Гэхдээ бид эндээс шууд Багатүргэний хүрхрээн зүг хөдлөөд нар буухтай зэрэгцэн үнэхээр аймар бүр жинхнээс айдас төрүүлэм өндөр хар уул орой нь мэдээж цастай тэгснээ модтой үнэхээр хүчтэй усны урсгалын чимээтэй газар очсон нь бага түргэний хүрхрээн дархан цаазат газрын нэвтрүүлэх эцсийн отогт очсон байлаа.
Жижигхэн горхи мэт ус уулнаасаа урсаж ирж байгаа боловч тэр усны чимээ модны сэрчигнэх чимээтэй нийлээд шөнө оройн цагаар бол үнэхээр аймар.
За ингээд бид маргааш өглөө эртлэн босоод бүгд нэг нэг морь унаж аваад дээш 3 орчим км модон дундуур явав. Заа тэр морьтой модон дундуур уул өгсөөд явж байхад мэдрэмж бол тэнгэрт тулж байгаам чинь. Боддоо яг өөдөөс сүртэй өндөр цаст уул бэлээрээ модтой жижиг том хүрхрээ энд тэндээс нь оргилоод л шувуу дуугараад л тэгснээ аймаар дулаахан үнэн гоё.
Ингээд бид дээр гарч ирээд морио үлдээгээд маш их дөрвөлжин чулуун дундуур явсаар дундуураа солонго татчихсан, дээрээс маш их даралттай буугаар шүршиж байгаа мэт тэгснээ үечлээд үечлээд өрчихсөн юм шиг хаднаас урсаж буй их усыг харав. Энэ бол өнөөх бага түргэний хүрхрээ. Зүгээр л гоё. Би энд бичлэгийг нь оруулъя. Өөр юу гэхэв.
Заа тэгээд бид 10 цагийн үед бууж ирээд Хотон нууранд очиж Загасны уургаа шидэж, зургаа авхуулж хоол цай идсэн.
Хотон нуурын үзэмж гэвэл ус нь тунгалаг, олон өнгөөр харагддаг. Эргээрээ маш зөөлөн элстэй элснийхээ цаана жаахан хатгадаг ширүүн өвстэй ширгэтэй. Мэдээж цаад эрэгтээ цаст өндөр хайрхануудтай. Баруун хойш зүгрүү харахад гадаад гараад явах гэж байгаа юм шиг л мэдрэмж төрүүлсэн.
Ингээд яг жинхэнэ зорилго болох Алтайн таван оргилыг үзэхээр хөдлөөд бас л орой нар жаргахын үест оргилууд руу нэвтрүүлэх Дархан цаазат хэсгийн шалган нэвтрүүлэх дээр ирэв. Орой нар жаргаж буй үед тэр өндөр цаст хайрханууд чинь миний л хувьд айдас хүргэм сүртэй харагдаж байлаа.
Харин өглөө бол ВААВ юу гээч вэ. Үүл манан татсан тэнгэрийн дор Мөнх цаст таван хайрхан чинь цан хүүрэг татуулаад л зүгээр л үзэх нүдний гайхамшиг за. Сэтгэл хөдлөж нүд баясна гэж жигтэйхэн. Баясан байх зуураа Алтай Хангай Хөвсгөлийн уулархаг нутгаар гээд хэлдэг цаг агаарын мэдээг ойлгох шиг болж байгаа юм чинь. Аан Алтай нутаг гэдэг чинь энэ л баруун хязгаар юм байна шүү дээ энд ингэж цас бударч, аадар бороо асгарч, ширүүн салхи салхилж энд ингэж амьдрал өрнөдөг байхнээ гэж.
Салхиараа ямар нэгэн хэл чимээ дуулгаж байгаа мэт дүнхийсэн тэр сүр бараа нь ямар нэгэн зураг кино гэлтэй. Энэ гоё үзэмж хэдэн жил энд оршин байгаа бол хэдэн жил дэлгэрч ургаж, хагдарч, эмтэрсэн ямар их буурал түүх байгаа бол гэж бодохоор өөрийн эрхгүй огшмоор.
За ингээд бид зураг гэмээр таван оргилоо нүдээр үзэж сэтгэлээ баясгаад ирж очихын таван цагийг зарцуулж хилийн багана, сүүн голын эхэнд хүрээд мөсөн голуудын нурах чимээ хөр цасны чимээ сонссоор буцаж Ерөнхийлөгчийн овоонд ирээд халгиж царцсан мөсөн гол, түүх домог хуучилсан алтайн таван богдоо ширтээд цайлж суусан тэр мөч зургаан сар, зургаан жилдээ лав мартагдахгүй.
Мөнх цасан эхтэй
Мөлгөр чулуун оргилтой
Өргөн түмэн өндөр
Хүдэр баян хаан
Алтай нутаг минь ивээж яваарай.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.