Хотын даргын шийдвэрээс иргэд айж байна
2025-01-14 11:44:00
Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Уг хууль батлагдсанаар агаар, орчны бохирдлыг бууруулах шар болон ногоон бүсийг байгуулж, 50.000 гаруй айлыг хийн түлшний дэд бүтцэд холбох хууль эрх зүйн орчин бүрдэх юм. Шингэрүүлсэн хийн түлш ашиглавал агаарын бохирдол 95-98 хувиар буурах боломжтой гэх тооцооллыг ч Нийслэлээс хийжээ.
Агаарын бохирдол буурна гэдэг чихэнд сонсголонтой мэдээ ч гэлээ иргэдэд айдастай санагдаж буй. Учир нь шингэрүүлсэн хий буюу газ нь аюулгүй ажиллагааны стандартыг чанд мөрдөхгүй байх аваас учруулах хохирол нь их гэдгийг Дүжингаравын уулзварын дэлбэрэлтээс харж болно.
Гал сөнөөгчид, хажуугаар нь өнгөрч явсан иргэдийн халуун амь, олон өрхийн эд хөрөнгийг авч одсон тус осол монголчуудын ой тооноос холдож амжаагүй байхад хотын даргын уг шийдвэр иргэдийн эгдүүцлийг хүргэж буй нь цахим орчинд тодхон. “Угаартуулж ханаад одоо дэлбэлж алах гэлээ” гэх утга бүхий постууд цахим орчинд хөвөрч байна.
Хаа хаанаа хариуцлага алдахгүй гэх баталгаа үгүй учир иргэд айдастай байгаа хэрэг. Иргэд угаас айж, эмээх нь ч зүй ёсны хэрэг юм. Стандарт байгаад байгаад тааруухан хэрэгжүүлдэг, хайнга маягтай манайх шиг улсад анхаарал, болгоомж, стандарт алдах төдийд аюул учруулах эдийг хэн дуртай нь аргагүй хэрэглээндээ нэвтрүүлэх вэ?
Шахмал түлш үйлдвэрлэхдээ хүртэл стандартаа бариагүйн улмаас одоо нийтээрээ утаандаа манарч, хордож суугаа. Үүнээс гадна галаа түлчхээд яндангийн сойлтоо хаагаад эсвэл яндангаа аваад өрхөө бүтээгээд амарчихдаг иргэдтэй, бас ингэж мэдээлдэг дарга нартай улсад стандарт болоод хариуцлага ярихад дэндүү хол.
Ямартай ч хотын дарга хийнэ л гэсэн бол хийх нь дамжиггүй. Харин иргэдээ дэлбэлэх аль эсвэл хордуулчихгүй ажил хийгээсэй гэж итгэж, залбирах хэрэгтэй биз ээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.