Он гарснаас хойш 13,393 залилах гэмт хэрэг бүртгэгджээ

2025-10-28 13:19:00

Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, Монголын банкны холбоо, Монголын Баримт шалгах төв ТББ-тай хамтран цахим орчинд үйлдэж буй гэмт хэргийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.10.28/ мэдээлэл хийлээ. 


Монгол Улсын хэмжээнд 2025 оны эхний есөн сарын байдлаар нийт 38,090 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас 13,393 нь залилах гэмт хэрэг байжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33.6 хувиар өссөн үзүүлэлт аж. Залилах гэмт хэргийн 85.1 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. 2025 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 2318 гомдол, мэдээлэл Цагдаагийн байгууллагат бүртгэгдсэн байна. Эдгээр гомдол, мэдээлэлтэй  холбоотой иргэн, хуулийн этгээдэд 18.8 тэрбум төгрөгийн хохирол учиржээ.

Улмаар 1,591 гомдолд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан бол 11.4 тэрбум төгрөг дүнтэй гүйлгээг царцааж, 671 иргэн, хуулийн этгээдийн 1.33 тэрбум төгрөгийн хохирлыг прокурор, шүүхийн байгууллагатай хамтран нөхөн төлүүлсэн байна.

Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргийг үйлдлийн аргаар нь авч үзвэл:

  • Бараа, үйлчилгээ захиалж бусдад залилуулах гэмт хэрэг 35 хувь
  • Телеграммаар “даалгавар биелүүлэх” хэлбэрээр залилуулах  0.7 хувь
  • Бусдын цахим хаягийг ашиглан мөнгө гуйх  0.6 хувь
  • Бусад (сугалаа, валют солиулах зэрэг) 20 хувийг тус тус эзэлж байгаа ажээ.

Сүүлийн үед “Хусаад хож”, “Хаш чулуу”, “Азын хүрд” зэрэг урамшууллын тоглоом, Телеграм аппликейшн-ээр “Даалгавар биелүүлж мөнгөтэй болоорой” гэх мэт залилангийн уриа, мөн бараа, материал, өвс, мах, өвлийн хувцас, гэр ахуйн зүйлсийг хямд үнээр хүргэнэ гэж урьдчилгаа төлбөр нэхэх залилах хэрэг ихээр бүртгэгдэж байгаа гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Тиймээс иргэдийг цахим орчинд санхүүгийн гүйлгээ хийхдээ нэр, хаяг, байгууллагын итгэмжлэл, найдвартай байдлыг сайтар нягтлах, мөн өөрийн банкны дансаа бусдад ашиглуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.