Ус тосоороо ялгарах болтугай!

2025-10-09 14:57:00

Өнгөн дээрээ 70 VS 80 оныхны тэмцэл мэт харагдаж байгаа одоо өрнөж буй улс төрийн энэ үйл явц эцэстээ Б.Баттулга ба бусад болж байх шиг. Дандаа монгол ялна, монгол бахархал гэж омогшиж явдаг ч хийдэг үйлдэл нь дандаа Монголын эсрэг байдаг түүний үйлдлийг илчилсэн бөгөөд яг одоо өрнөж буй хэрүүл тэмцлийн эхлэл хаанаас вэ гэдгийг илчлэх шийдвэрийг өчигдөр Г.Занданшатарын Засгийн газар гаргалаа. 

 Тодруулбал өмнөх Засгийн газар буюу Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын улсын нууцад авсан байсан нүүрсний гэрээнүүдийг ил болголоо. 

2019-2022 онд хийсэн нийт 39 гэрээ ил болсоноос 31 нь “Бодь” групп гэрээлсэн байна. Тэгэхээр “Бодь групп” дангаараа 22.5 сая тонн нүүрсний гэрээ байгуулсан гэсэн үг. Энэ үе бол ковидын дараах түүхий эдийн сэргэлт эд өрнөсөн нүүрсний үнэ 600 ам долларт хүрч байсан оргил үе. 

Тэгвэл яагаад заавал "Бодь групп" бараг бүх гэрээг дангаараа хийж байсан нь “Бодь” группын эзэн Д.Баясгалан нь УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн алба хаших хугацаанд хамгийн их ойр нөхөрлөж холбоо хамаарал ихтэй байсан гэх мэдээлэл байдаг.  Харин нүүрсний их хулгай хэзээ эхлэж хэзээ хүчээ авсан гэвээс энэ Л.Оюун-Эрдэнийг Засгийн тэргүүн байх тэр  жилүүдэд. 

Одоо харин Баттулга ба түүний нөхөд Оюун-Эрдэнийн засаглалын манлайлыг хэвээр хадгалахын тулд шинэ Засгийн газрыг унагахаар тэмцэж байна. 

Шалтгаан нь тэдний нөхдийн хийсэн бүхэн ар араасаа шил даран илчлэгдэх буй учир. Түүнээс огцруулах үндэслэл гэх тоймтой зүйлс үгүй. Угаас байгуулагдаад гуравхан сар өнгөрсөн Засгийн газар ажлаа дөнгөж төлөвлөж байгаа цаг үе. 

Ингээд харвал Х.Баттулга өөрийн медиа баг Херо баатарын хамт нуугдан элдэв жүжиг драма зохион биднийг тархийг угааж байх хооронд Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан гэх шинэ үеийн залуус гэсэн сайхан гуншингаараа түрий барин нам, төрийн алба, иргэний нийгмийн бүх түвшинд хяналтгүй, чөлөөт дуу хоолойгүй, данхар төр бий болгосон байсныг арай гэж өнгөрсөн хавар буулгаж авчихаад байхад эргээд байр сууриа алдахгүй гэж буцаж самардаж буй ичгүүргүй дүр зураг л сүүлийн өдрүүдэд үргэлжилж байна. Энэ жишгээр л өчигдөр хүүхдийн мөнгө тараах тараахгүй асуудал хөндөгдөж хөөрхий монголчууд хэдэн цаасны хэрүүлээ хийх зуур маргааш шинэ Засгийн газрыг унагах эсэх асуудал хэлэлцэгдэхээр боллоо. 

Эцэст нь монгол ялах ч улиг болсон тул шударга ёс, эрүүл ухаан, эрдэм мэдлэг, зөв сайн бүхэн ялах болтугай. 



 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.