Урлагийнханд гологдсон Ч.Номин сайдад улстөр ахдахгүй юу?

2024-05-09 16:32:00

Одоогоос дөрвөн жилийн өмнө Соёлын яам өрх тусгаарлаж, ард иргэдээ урлагаар соён гэгээрүүлэх, урлагт хүчин зүтгэж буй уран бүтээлчдийг дэмжих бодлоготой болох нь хэмээн баярлаж байлаа. Хоёр дахь Соёлын сайдаар Гацууртын Чинбатын охин Номинг томилов. Тэрбээр “Mongol HD” телевизийг удирдан олны сайшаалыг хүртсэн олон шоуг зохион байгуулсан. Үүгээрээ юу, мөнгө хөрөнгөтэй аавынхаа нөлөөгөөр ч юм уу шууд л Соёлын сайдаар томилогдсонд иргэд эгдүүцэж байв. Мөн түүнийг салбарынхан нь ч үнэлсэнгүй. 

Хүн ам цөөн, хөгжиж буй манай орны хувьд соёлын салбар бол маш чухал салбар. Энэ салбарыг эзэнтэй болгосон нь ч учиртай.  Мэдээж ирээдүйд харсан том амбиц бол соёл урлагаар дэлхий нийтэд танигдах, бага цалинтай ч бусдыг соён гэгээрүүлэх үйлд хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж буй уран бүтээлчдийн ажиллаж, амьдрах нөхцлийг сайжруулах гэж соёлын яамтай, сайдтай болсон.

Гэтэл Ч.Номин сайд Гацууртын гүнж гэсэн шиг тарьсан төмсөө тарааж, Хэмнэлтийн хуулийг үл ойшоон дрон шоу хийж, фестивалиудаар гэгээн дүрээ үзүүлэхээс хэтэрсэнгүй гэж урлагийнхан түүнийг шүүмжилдэг.

Өөрийгөө хэр чансаатай, чадалтай түшээ болохоо баталж харуулж чадаагүй магад баталж харуулах зүйлгүй тэрбээр одоо 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр зэхэж, тойрог усалж явна.

Тодруулбал, өнгөрсөн Ням гарагт 27 жилийн дараа Хүүхэд залуучуудын театр нээгдсэн. Энэ үеэр СХД-ийн хүүхдүүдэд үнэгүй жүжгийн тасалбар тарааж, жүжиг үзэж сонирхохоор ирсэн багачуудад Соёлын сайдын ажлын тайлан сэтгүүлийг тараажээ.Түүний энэ үйлдэл хүүхдийн гэнэн цагаан сэтгэлийг ашиглаж сонгуулийн шоу хийж байгаа увайгүй үйлдэл гэж иргэд хатуухан шүүмжилж байна. Мөн Төрийн сайд нар ажлаа иргэдэд бус Засгийн газартаа тайлагнадаг. Гэвч тайлан нэртэй сонгуулийн сурталчилгаагаа хийж, улаан цагаандаа гарсан эл үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэх хүмүүс ч байна. 

Улстөрийн туршлага мэдлэг бага ч соёл урлагийн салбарт чанагдаж явсан түүнийг салбараа хөгжүүлээсэй гэж төлөөллөө болгосон ч  салбарынхан нь түүнийг чамлаж байна. Соёл урлагаар соён гэгээрүүлэх сайдын ажлыг ёс төртэй, нэр хүндтэй хийж чадаагүй түүнд төрийн ордонд тухлан сууж, улстөр хийх ахдахгүй гэж үү... 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.