Залуучуудын хөгжлийн төвийн барилгын дулаан алдагдлыг бууруулжээ

2023-09-14 14:56:00

“Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийнхөн хуучин орон сууц, сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан алдагдлыг бууруулах ажил хийж буй. Гэхдээ зөвхөн сургууль, цэцэрлэг, орон сууц гэхгүйгээр нийгмийн зорилтот бүлэг буюу Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх  "Хүүхэд залуучуудын хөгжлийн тусгай цогцолбор”-ын дулаан хамгаалах ажлыг хийсэн байна. Дэлхийн банктай хамтраад нийгмийн хариуцлагын хүрээнд тус цогцолборын хоёр обьектын дулаалгын ажлыг хийж гүйцэтгэжээ.

 

Тодруулбал, цогцолборын харъяа Залуучуудын төвийн барилга дулаан алдагдал ихтэй, усны хаялагагүй учраас дээврээс ус гоождог байсныг тус төвийн эрхлэгч О.Халиун хэллээ. Дулаан алдагдлыг бууруулах төслийн хүрээнд барилгыг бүхэлд нь дулаалахын сацуу цонхны эвдрэл болон гадна фасад, үүдний хэсгийг ч мөн засаж янзалсан талаар тэрбээр ярьсан юм. Дулаан алдагдлыг бууруулах төсөл өнгөрсөн долдугаар сард эхэлсэн бөгөөд төлөвлөсөн хугацаанаасаа өмнө дуусгажээ.

 

Төслийн хүрээнд 37 угсармал орон сууц, 31 сургууль, цэцэрлэгийн барилгад дулаан хамгаалах ажлыг хийж гүйцэтгэжээ. Мөн Улаанбаатар хотын эрчим хүчний хэмнэлтэд чамгүй хувь нэмэр оруулж байгаа гэдгийг "Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл"-ийн зохицуулагч Н.Баяртогтох хэлсэн байна. Тэрбээр, Улаанбаатар хотын угсармал орон сууцнууд болон айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулах ажлыг хийж байгаагаа онцолжээ. Дашрамд дурдахад, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх  "Хүүхэд залуучуудын хөгжлийн тусгай цогцолбор” нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өнчин болон эцэг эх, асран хамгаалагч нь орхиод явсан зэрэг нийгмийн туслалцаа дэмжлэг шаардлагатай олон хүүхдүүдийг байршуулж, хичээл сургалт явуулдаг байна.


Б.БОЛОР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.