Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 169 иргэнийг 7-30 хоног баривчилжээ
2025-01-15 10:20:00
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны нэгдүгээр сарын эхний 14 хоногийн байдлаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл 1382 бүртгэгджээ.
Үүнээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зөрчил гаргасан 169 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд зааснаар харьяа нутаг дэвсгэрийн шүүхээс 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.
Цагдаагийн байгууллага “ECS” программд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэнийг регистрийн дугаараар нь бүртгэж, давтамжтай үйлдлийн санг бүрдүүлж байна.
Ингэснээр гэр бүлийн хүчирхийллийн дуудлаганд очсон алба хаагч хүчирхийлэл үйлдэгч тухайн этгээдийн талаарх өмнөх зөрчлийн мэдээллийг авч, хувийн байдлыг газар дээр нь тодорхойлох боломжтой болжээ.
Мөн хүчирхийллийн хохирогч нь 107 тусгай дугаарын утсанд хандаж мэргэжлийн сэтгэл зүйчээс 24 цагийн хугацаанд зөвлөгөө мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн юм.
Дээрх тусгай дугаарууд нь 24 цагийн турш аль ч үүрэн операторын утаснаас үнэ төлбөргүй холбогдоно.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар хороодын засаг даргаар ахлуулсан “Хамтарсан баг” нь хохирогч, түүний гэр бүлийн гишүүнд хуульд заасан үйлчилгээг хамтран үзүүлэх үүрэгтэй байдаг.
Энэ төрлийн зөрчил гаргасан этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд зааснаар албадан сургалтад хамруулж, 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулах бөгөөд торгох шийтгэл гэж байхгүй.
Монгол Улсын Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн бол 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан байдаг.
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нь өөрийн биеэр хуулийн байгууллагад хандах нь ховор байдаг. Зарим тохиодолд хуулийн байгууллагад хандах нөхцөл, боломж байдаггүй.
Хохирогч хүчирхийллийг дахин гаргахгүйн тулд, магадгүй үр хүүхэддээ дахин айдас мэдүүлэхгүйн тулд хүчирхийллийг чимээгүй тэвчиж нууцалсаар эцэстээ амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэйг санах хэрэгтэй.
Иймд хүчирхийллийн талаар мэдсэн, харсан бол таслан зогсоох, хохирогчийг хамгаалахын тулд таны өгсөн мэдээлэл маш чухал гэдгийг ойлгож хуулийн байгууллагад мэдэгдээрэй.
Таны өгсөн мэдээллийн ачаар хүний эрүүл мэнд цаашлаад хүний амь насыг ч хамгаалах боломжтой.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.