ХЭН ЮУ ХЭЛЭВ: Соёлын сайд Ч.Номин хууль зөрчив үү?
2024-03-06 13:31:00
Монголын үндэсний музейн ажилтнууд Соёлын сайд С.Номины хууль бус гэх үйлдлийн талаар өнөөдөр мэдээллээ.
Монголын үндэсний музейн Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Т.Зөнбилиг "Монголын үндэсний музей бол Музейн тухай хууль болон холбогдох дүрэм журам хуулийн дагуу орон нутаг, хувийн хэвшлийн музейг мэргэжил арга зүйгээр хангадаг эрдэм шинжилгээний төв байгууллага. 2023 оны арваннэгдүгээр сарын 8-нд Соёлын сайд Ч.Номин Монголын үндэсний музейн Музей судлал, арга зүйн төвийн даргыг Д.Мөнхтогоог захирлын албыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал гаргасан. Дараа нь энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдөр хуульд холбогдох дүрэм, тогтоолыг зөрчиж Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат гэх хүнийг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр захирлын албыг түр орлогчоор томилсон. Энэ үйлдэл нь Төрийн албаны болон Нийтийн ашиг сонирхлыг зөрчлөөс хамгаалах тухай хуулийг зөрчиж байгаа юм.Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 3.1.1 дэх зүйл буюу чадавхын зарчим болох мерит зарчмыг зөрчсөн. Мөн хуулийн 26.4 зүйлийн албан хаагчийг шатлан дэвшүүлэх, 43.2 буюу аливаа төрийн захиргааны удирдлагад ажиллаж байгаад тодорхой шалтгаанаар албан тушаалаа өгөх зэрэг байдлаар албан тушаалаас буусан тохиолдолд түүнийг орлож байгаа эсвэл хамгийн ойр этгээдийг түр орлон гүйцэтгэгчээр томилно гэж заасан байгааг зөрчсөн.
Түүнчлэн 27.1.1 буюу ямар нэгэн сонгон шалгаруулалт зарлахгүйгээр түр орлогчийг түр орлон гүйцэтгэгчээр сольж байгаа нь холбогдох хууль, дүрмийг зөрчөөд байна.
Х.Эрдэнэтуяа "Бид бүхэн Соёлын сайд Ч.Номингийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа. Эсэргүүцлийг албан хүсэлт, шаардлагыг хүргүүлсэн. Бидний албан шаардлагыг үл тоохоор барахгүй Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 21 тоот тушаалын дагуу ажлын хэсэг томилогдож, манай байгууллагад үзлэг, хяналтын ажил хийсэн.
Ингэхдээ ажилчдын нэр цохон уулзаж, хөтөлсөн, тулгасан байдлаар асуулт асууж, байцаасан хэлбэрээр мэдээлэл авах ажиллагаа явуулсан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 39.1 дэх хэсгийг зөрчсөн. 39.1.4. албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт үзүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Мэргэжил арга зүйн төвийн дарга Д.Мөнхтогоо "Тэрбээр "21 аймагт Соёлын урлагийн газрыг шинээр байгуулж, мэргэжлийн бус хүмүүсийг ажиллуулж байгаа. Энэ жил музейн сан хөмрөгийн улсын тооллого болно. Тус тооллогыг олон жилийн турш музейн ажилтнууд хариуцаж ирсэн. Гэтэл орон нутгийн Соёл урлагийн газрын хүмүүсээр ахлуулж, арга зүйн зөвлөгөө өгнө гэж байгаад музейн захирлууд дургүй байгаа. Мөн музейн ажилтнууд хуулийн дагуу үзмэртэй харьцсаны нэмэгдэл хөлс авдаг. Нэмэгдэл хөлс авах албан тушаалтны нэрсэд "Бүртгэл мэдээллийн санч" гэсэн тушаалыг оруулаагүй. Гэтэл урьд өмнө байгаагүй үзэсгэлэнгийн куратор гэсэн жагсаалтыг оруулсан. Олон жил ажлаа хийсэн хүмүүс нэмэгдэл хөлсөө авч чадахгүй байгаад манай ажилчид бухимдалтай байна" гэв. Мөн тэд хэлэхдээ, бид Монголын үндэсний музейн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэх тушаалыг Д.Мөнхтогоо авснаас хойш Соёлын сайдтай уулзах хүсэлтийг 10 орчим удаа албан байдлаар илэрхийлсэн. Энэ хугацаанд буюу гурав гаруй сар өнгөрөхөд Монголын үндэсний музейн төлөөллийг огт хүлээж авч уулзахгүйгээр үл тоох хандлага гаргаж байсан. Бидний өнөөдөр яриад байгаа асуудал бол хоёр хүн тамга булаалдаж байгаа тухай биш. Хамгийн гол шаардлага бол төрийн ажлыг хууль дүрмийн дагуу явуулаач ээ гэдэг тухай юм. Байгууллагын мэргэжилтнүүдийн хүсэлтийг сонсох сэтгэлтэй байгаач ээ гэдэг үйлдэл" хэмээн мэдэгдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.