ХЭН ЮУ ХЭЛЭВ: Бид амьд явмаар байна элэгний Д вирусийн тариаг оруулж өгөөч

2024-02-19 16:53:00

Элэгний В, Д вирустэй тэмцэгчид ТББ-аас 13.5 тэрбум төгрөгөөр элэгний Д вирусийн меркуледикс тариагаа авч хамтдаа элэг бүтэн амьдаръя сэдвээр өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Элэгний В, Д вирустэй тэмцэгчид ТББ-ын удирдах зөвлөлийн дарга С.Дэлгэрмаа: "Монгол Улсад өнөөдрийн байдлаар элэгний В, Д вирустэй 450,000 иргэн байдаг. Эдгээрээс Д вирусийн идэвхжилтэй 150,000 хүнийг төлөөлөн энд ирлээ. Элэгний Д вирусийн улмаас жилд 5,400 хүн нас барж байгаа гашуун үнэн байна.  Бид Д вирусийн тарианд хамрагдахын тулд 2016 оноос хойш ЭМЯ-ны сайд болон бусад хүмүүст хандаж, мэдэгдэл, шаардлага хүргүүлж байсан ч өнөөдрийг хүртэл онцын шийдэлд хүрсэнгүй.Элэгний Д вирусийн тариа 2014 онд ОХУ-д гарсан. ЭМЯ-нд уг тариаг оруулж ирэх тал дээр хамтарч ажиллахыг олон удаа шаардсан боловч ажилласангүй. Тариаг хүлээгээд хүмүүс нас барж байна. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрлээ. Хоёр жилийн өмнө 37 настай эмэгтэй Д вирусийн улмаас тариаг мөн ч их хүлээлээ дээ гэж дамжуулаарай гээд өнгөрсөн байдаг. Иймд элэгний Д вирусийн тариаг хурдан оруулж ирэхийг ЭМЯ-наас шаардаж байна. Иргэд 2023 онд жагсаж байж, АНУ-д гарсан 30 ширхэг тариа оруулж ирсэн боловч яаман дээр ирээд хэн авсан нь мэдэгдэхгүй замхарсан. ЭМЯ ажиллахгүй байгаа тул бид ОХУ руу явж, элэгний Д вирусийн тарианд хамрагдах эрхийн бичигтэй ирсэн. 2023 онд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн улсын төсөвт 13.5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн гэж ярьж байсан. Татвар төлөгч нарын мөнгөнөөс элэгний Д вирусийн тариагаа авахгүй бол бидэнд эдийн засгийн боломжгүй байгаа юм. Энэ талаар ЭМЯ-нд шаардлага өгсөн ч хариу өгөөгүй.13.5 тэрбум төгрөгийг ЭМЯ зориулалт бусаар зарцуулсан.

 

ТББ-ын гишүүн н.Буянтогтох:“Д бол маш хоруу чанартай, элэг гэмтээдэг, хатуурал, цаашлаад хавдар болгодог гол үндсэн вирус юм. Монголд B,D вирусийн эмчилгээ гэж байхгүй. Миний хувьд B вирусийн эсрэг Vicure гэдэг эмийг 30 хоногт өдрийн нэгээр уудаг. Мөн урсомон гэдэг цөс хөөх эмийг өдрийн хоёроор уудаг. Нэмээд элэг хамгаалах Ucolic гэдэг эмийг өдрийн гурваар ууж байна. Мирклудекс Б (Bulevirtide) тариаг 2015 оноос ОХУ-д хэрэглэж эхэлсэн. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас энэ тариаг иргэддээ хөнгөлөлт үзүүлж, энэ тариаг үнэ төлбөргүй хийдэг. 30 хоногийн тариа нь монгол мөнгөөр бол 6.4 сая төгрөгийн үнэтэй. Энэ тариа нь эмнэлзүйн заавраараа 1.8 жил хийлгэх хугацаатай. 20 сар тариулах хугацаа нь 128 сая төгрөг болж байгаа юм. Гэтэл Монголд өнөөдөр цалингийн доод хэмжээ 660 мянган төгрөг. Тэгэхээр энэ үнэтэй тариаг хийлгэх ямар ч боломж байхгүй. Монгол Улсын Засгийн газраас 2024 онд элэгний B,D вирусийн эмчилгээнд зориулж 13.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Төсвийн мөнгийг хувааж үзвэл 105 иргэн энэ тарианд хамрагдах боломж байна. Тиймээс энэ мөнгийг зориулалтын дагуу зарцуулж өгөөч гэж шаардаж байгаа юм.

ОХУ нь уг эмийг зөвхөн дотооддоо өөрийн иргэдэд хэрэглэх тодорхой нөхцөлтэй байдаг аж. Харин “Элэгний В, D вирустэй тэмцэгчид” ТББ-ын гишүүд өөрсдөө очиж, тус улсын эрүүл мэндийн байгууллагад хүсэлт тавьснаар тариаг худалдан авч хэрэглэх эрхийн бичиг авч чаджээ. ОХУ-ын улсын эмийн сангаас 6 сая 425 мянган төгрөгөөр худалдан авахаар болсон аж. Одоо тэдэнд эдийн засгийн хувьд хүндрэл үүсээд байгаа тул элэгний B,D вирустэй иргэдийн эмчилгээнд зарцуулахаар улсын төсөвт суулгасан мөнгөнөөс авч ашиглахыг шаардаж буй юм байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.