Говь-Алтай аймагт нийгмийн эрүүл мэндийн жишиг төвийг байгуулна
2025-01-09 17:38:00
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн яамны багийн хамт баруун аймгуудад ажиллаа. Говь-Алтай аймагт ажиллаж нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, нутгийн удирдлагууд, иргэдтэй уулзаж салбарын зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ.
Тус аймаг Эрүүл мэнд, боловсролыг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлж урьдчилан сэргийлэх үзлэгийг 88 багт хийн, иргэдийн эрүүл мэндийн суурь судалгаагаа гаргажээ. Говь-Алтай аймаг 80+ эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлэн, энэ жилийг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, эмч мэргэжилтнүүдийг урамшуулах тогтолцоог нэвтрүүлснийг дурдав.
Мөн ХПВ-ийн эсрэг дархлаажуулалтын хувь бусад аймгуудаас харьцангуй өндөр буюу одоогийн байдлаар 61.2 хувийн хамрагдалттай байна. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Говь-Алтай аймгийн иргэд, салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж үйл ажиллагаатай нь газар дээр нь танилцах үеэрээ: “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний гол бодлого бол “Төвлөрлийг сааруулах” бодлого буюу тухайн тусламж, үйлчилгээг аймгаасаа авах боломжийг бүрдүүлэх нь ЭМЯ-ны аймгууд руу чиглэсэн хамгийн чухал бодлогуудын нэг болоод байна.
Мөн аймгуудад “Өвчлөлийн хяналт урьдчилан сэргийлэлт”-ийн төв байгуулах ажлыг хэрэгжүүлж байна. Үүний жишиг аймгаар Говь-Алтай аймгийг сонгоё гэж бодож байна. Энэ удаад 2.4 тэрбум төгрөгийг эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахад зориулан шийдвэрлэж өгье. Цаашид ЭМЯ-ны бодлоготой уялдсан олон асуудлуудыг бид шат дараалалтай шийдвэрлээд явна” хэмээн онцоллоо.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.