МҮОХ: О.Есүгэн "Парис 2024" олимпын наадмын анхны эрхийг авлаа
2023-08-22 11:23:00
Буудлага спортын ДАШТ Азербайжаны Баку хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнд 101 орны 1249 тамирчин өрсөлдөж байна. Үүнд Монголын 16 мэргэн бууч оролцож байгаа юм.
Тэгвэл ОУХМ О.Есүгэн 50 м-ийн гурван байрлалаас буудах дасгалд “Парис-2024” олимпын Монголын багийн анхны эрхийг авчээ.
Тэрбээр, 587 оноогоор 11 дүгээр байрт бичигдсэн байна. Олимпын төрлийн дасгал бүрийн эхний дөрвөн байрт орсон тамирчин эрхээ авах байв. Харин түүний өмнө орсон тамирчдын ихэнх нь эрхээ нэгэнт халаасалсан байсан тул тэрбээр байр огшсоор олимпын эрхийн жагсаалтын гуравт бичигдсэн юм. О.Есүгэн өмнө нь "Токио-2020" олимпод мөн цэц сорьж байсан билээ.
ОУХМ Н.Баяраагийн хувьд олимпын эрхээс атгаад алдлаа. 10 м-ийн хийн урт бууны дасгалд өрсөлдсөн тэрбээр 630.6 оноогоор улсын дээд амжилтын шинэчлэн тавдугаар байраар шигшээд шалгарсан. Гэвч финалын буудлагыг энэ байраараа өндөрлүүлж, олимпын эрхээс 1.4 оноо дутсан юм.
Өдгөө манайхны оролцох олимпын эрхийн дасгалууд дуусаад байна. Харин аравдугаар сард БНСУ-д болох Азийн АШТ, ирэх оны нэгдүгээр сард Индонезод болох Азийн АШТ-ээс эрхээ авах боломжтой. Эдгээр хоёр тэмцээний олимпын эрхийн дасгалын эхний хоёрт орсон тамирчид Парисын олимпыг зорих эрхтэй болох юм.
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.