Э.Мягмарханд: Гуанзны хоолны дундаж үнэ 29%, атар талхны үнэ 44%-аар тус тус өссөн
2023-08-17 12:31:00
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний долоон сарын статистик үзүүлэлтүүдийг Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд танилцууллаа. Үзүүлэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний 7 сарын үзүүлэлтүүд
1.Хөдөлмөр
Ажиллах хүчний судалгааны 2023 оны 2 дугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 сая нь ажиллах хүч байна. Хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин 8.2 хувь болж, өмнөх улирлаас 1.3 нэгж хувиар буурлаа. Ажиллах хүчний 1.2 (94.2%) сая нь ажиллагчид байна. Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 4.6 (0.4%) мянгаар буурч, өмнөх улирлаас 49.0 (4.4%) мянгаар өссөн байна. Улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны хүн амын 896.1 (42.1%) мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Тэдгээрийн 25.4 (2.8%) мянга нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүч байна.
2.Өрхийн орлого, зарлага
Өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар өслөө. Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2023 оны 2 дугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 2.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 221.5 (12.4%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 122.1 (6.5%) мянган төгрөгөөр нэмэгджээ. Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 2023 оны 2 дугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 17.0 (1.5%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 31.3 (2.7%) мянган төгрөгөөр нэмэгджээ. Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар нэмэгдэхэд цалин хөлсний бодит орлого 73.7 (13.8%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлжээ.
3.Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2023 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 30.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.1 (30.6%) их наяд төгрөгөөр өссөн бол 2015 оны зэрэгцүүлэх үнээр 13.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 823.0 (6.4%) тэрбум төгрөгөөр өслөө. ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2020 оны эхний хагас жилд 9.0 хувиар буурч байсан бол 2021 оны эхний хагас жилд 6.3 хувиар, 2022 оны эхний хагас жилд 2.0 хувиар, 2023 оны эхний хагас жилд 6.4 хувиар тус тус өслөө.
4.Мөнгө, зээл
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2023 оны 7 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 32.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.0 (18.4%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн харилцах 2.0 (39.5%) их наяд төгрөгөөр, валютын харилцах 1.3 (39.7%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2023 оны 7 дугаар сарын эцэст өмнөх оны мөн үеэс 5.0 хувиар өсжээ
5.Даатгал
Хөрөнгийн даатгалын нөхөн төлбөр өмнөх оны мөн үеэс 58.5 хувиар буурчээ. Даатгалын хураамжийн орлого 2023 оны эхний хагас жилд 169.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 45.0 (36.2%) тэрбум төгрөгөөр, даатгалын нөхөн төлбөрт 53.4 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 5.0 (10.3%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
6.Улсын нэгдсэн төсөв
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.5 (37.0%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 12.4 их наяд төгрөг болж, 3.7 (42.8%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.
7.Гадаад худалдаа
Монгол Улс 2023 оны эхний 7 сард нийт 146 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.7 тэрбум америк доллар, үүнээс экспорт 8.7 тэрбум америк доллар, импорт 5.0 тэрбум америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.5 (22.2%) тэрбум америк доллароор, экспорт 2.2 (34.5%) тэрбум америк доллароор, импорт 261.1 (5.5%) сая америк доллароор тус тус өсжээ. Харин 2023 оны 7 дугаар сард экспорт өмнөх сараас 128.4 (10.1%) сая америк доллароор, импорт 60.7 (7.5%) сая америк доллароор тус тус буурсан байна. БНХАУ-тай 2023 оны эхний 7 сард 10.0 тэрбум америк долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 72.6 хувийг эзэлж байна.
8.Төлбөрийн тэнцэл
Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2022 оны эхний хагас жилд 1.4 тэрбум америк долларын алдагдалтай байсан бол 2023 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 65.4 сая америк долларын ашигтай гарсан. Уг өсөлтөд барааны худалдааны ашиг өмнөх оны мөн үеэс 2.5 тэрбум америк доллароор өссөн нь голлон нөлөөлсөн байна. Мөн урсгал дансны алдагдал 2023 оны 6 дугаар сард өмнөх сараас 88.8 сая америк доллароор өсөж, 154.7 сая америк доллар болжээ.
9.Хэрэглээний үнэ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 7 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.2 хувь, өмнөх оны эцсээс 6.8 хувиар өсөж, өмнөх сараас 0.3 хувиар буурсан байна. Өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 14.4 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 9.5 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.3 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 5.5 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 9.5 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.6 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
10.Барилга
Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2023 оны эхний хагас жилд 3037.8 тэрбум төгрөг болж, 2999.5 (98.7%) тэрбум төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 38.3 (1.3%) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна. Барилга угсралт, их засварын ажлын урьдчилсан гүйцэтгэл 2023 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 626.9 (26.0%) тэрбум төгрөгөөр өсөхөд дотоодын байгууллагын барилгын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 645.5 (27.4%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.
11.Газар тариалан
Улсын хэмжээнд 2023 оны 8 дугаар сарын 1-ний байдлаар тракторын тармуурын 93.8%, тракторын хадуурын 91.3%, дугуйт тракторын 90.5%, морин тармуурын 89.5%, хаман боогчийн 88.1%, морин хадуурын 87.9% нь хадланд ажиллахад бэлэн байна. Техникийн бэлэн байдлын хувь өмнөх оны мөн үеэс тракторын хадуур 2.7, дугуйт трактор 1.2, тракторын тармуур 1.0 нэгж хувиар тус тус буурч, морин хадуур 1.2, морин тармуур 0.9, хаман боогч 0.7 нэгж хувиар тус тус өссөн байна.
12.Аж үйлдвэр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2023 оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 15.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.4 (53.2%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай олборлолт 4.3 (64.8%) их наяд төгрөг, боловсруулах үйлдвэрлэл 825.7 (32.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
13.Мэдээлэл харилцаа, холбоо
Улсын хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2023 оны эхний хагас жилд 985.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 130.7 (15.3%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэхүү өсөлтөд утасгүй холбооны үйл ажиллагааны орлого 46.1 (9.3%) тэрбум төгрөгөөр, компьютер программчлал, зөвлөгөө болон түүнд холбогдох үйл ажиллагааны орлого 39.6 (65.2%) тэрбум төгрөгөөр, өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйл ажиллагааны орлого 23.3 (21.1%) тэрбум төгрөгөөр, утсан холбооны орлого 16.0 (13.7%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
14.Дотоод худалдаа
Худалдааны салбарын борлуулалтын орлого 2023 оны эхний хагас жилд 20.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.5 (21.0%) их наяд төгрөгөөр өслөө. Худалдааны салбарын борлуулалтын орлогын 23.1 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 76.9 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлж байна.
15.Нийтийн хоолны салбар
Нийтийн хоолны салбарын орлого 2023 оны эхний хагас жилд 588.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 104.0 (21.5%) тэрбум төгрөгөөр өсжээ. Үүнд рестораны орлого өмнөх оны мөн үеэс 66.4 (21.6%) тэрбум төгрөг, гуанзны орлого өмнөх 32.5 (74.2%) өссөн нь голлон нөлөөлсөн байна.
16.Зочид буудал
Зочид буудлын салбарын орлого 2023 оны эхний хагас жилд 221.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 61.0 (38.1%) тэрбум төгрөгөөр өсжээ. Үүнд 3, түүнээс дээш одтой буудлын орлого 46.8 (42.3 %) тэрбум төгрөг, зэрэглэлгүй зочид буудал болон амралтын газрынх 11.9 (25.7%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
17.Аюулт үзэгдэл осол
Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2023 оны эхний 7 сарын байдлаар 2618 болж, өмнөх оны мөн үеэс 16 (0.6%)-гаар өссөн байна. Объектын түймэр 2023 оны эхний 7 сард 1878 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 66 (3.4%)-гаар буурсан бол газар хөдлөлт 49 удаа бүртгэгдэж, 10 (25.6%)-аар өссөн байна. Аюулт үзэгдэл, ослын улмаас 2023 оны эхний 7 сард нийт 164 хүн амь насаа алдаж, өмнөх оны мөн үеэс 1 (0.6%)-ээр буурсан байна. Аюулт үзэгдэл, ослын улмаас 2023 оны эхний 7 сарын байдлаар 28.1 тэрбум төгрөгийн хохирол учирч, 0.7 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.