Ахмадын тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая болгох үүнийг 2026 оны төсөвт суулгах өгөхийг хүслээ
2025-09-15 15:20:00

Монголын ахмадын холбооны удирдах зөвлөлөөс ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн хэмжээг нэмүүлэх тухай албан шаардлагыг төрийн гурван өндөрлөгт хүргүүлнэ.
Тэдний тавьж буй шаардлага нь:
1. Ахмад настны талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг тусгайлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлж энэ намрын чуулганаар хэлэлцүүлэх, уг баримт бичигт Ахмад настны амьжиргааны түвшин, орлогын эх үүсвэрийг баталгаатай болгох үүднээс ахмадуудын шаардсаны дагуу тэтгэврийн доод хэмжээг 1,500,000 төгрөгт хүргэж нэмэгдүүлэх, шинэ, хуучин тэтгэврийн хэт зөрүүтэй байгаа буруу тогтолцоог арилгах, дундаж тэтгэврийг цалин хөлсний улсын дундаж хэмжээний 75 хувьд хүргэх бодит зорилтыг улс орны эдийн засгийн өсөлттэй уялдуулан богино, дунд хугацааны стратеги болгож шийдвэрлүүлэх асуудлыг нэн тэргүүнд тусгах,
2. Үнэ инфляцын өсөлтийн түвшинг төлөвлөсөн 2026 онд 6 хувь байна гэх тооцсоноор биш бодит өсөлтөөр тооцож, "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль"-ийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар тэтгэврийн хэмжээг 10-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх,
3. Засгийн газрын 2024 оны 10 дугаар тогтоолоор тэтгэвэр бодох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хязгаар гадаг зохиомол хязгаарлалт тогтоосныг залруулж /хасаж/ өөрчлөх. Мөн Засгийн газрын 2024 оны 238 дугаар тогтоолоор баталсан итгэлцүүрийг шинэчлэн тогтоож мөрдүүлэх,
4. Эхчүүдийн тэтгэвэр тогтоох ажилласан жилийг тооцохдоо төрүүлж өсгөсөн хүүхдийн тоог харгалзан ажилласан нэг жилийг 1.5 жилээр тооцсон хүүхэд бүрд нэмэгдүүлж тогтоодог хуулийн заалтад эхчүүдийг бүрэн хамруулж нэг мөр хэрэгжүүлж, тэдний тэтгэврийг нь шинэчлэн тогтоох,
5. Ахмад настнуудад түрээсийн орон сууц олгож квотыг аймаг, нийслэл, дүүрэг бүрд тогтоож, тэднийг орон сууцаар хангах хөтөлбөрийг 2026 оноос эрчимтэй хэрэгжүүлэх, ялангуяа нийслэл Улаанбаатар хотод энэ талаар дорвитой арга хэмжээ авч, ахмад настнуудад түрээсээр болон хөнгөлөлттэй нөхцөл журмаар орон сууц олгох хөтөлбөр боловсруулан аймаг, нийслэл, дүүрэг бүрд ахмадын орон сууцны тусгайлсан квот тогтоон өгч мөрдүүлэх арга хэмжээ авах;
6. Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах, эхчүүдийн тэтгэврийг шинэчлэн тогтоох зэрэг арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2026 оны төсөвт нэмж тусган батлуулах шаардлагатай гэжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.