Г.Ариунбуян: Алба хаагч амиа алдсан асуудалд албан тушаалтнуудад хариуцлага тооцсон

2021-12-15 15:30:00

Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр ОБЕГ-ын ажилтан өндөр хүчдэлд цохиулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор ОБЕГ-ын дарга дарга Г.Ариунбуян мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн иргэдэд галлагааны эрсдэл үүсэхээс буюу ахуйн гал түймэр, угаарын хийн хордлого зэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хоёр үе шаттай нөлөөллийн аяныг хоёр сарын хугацаанд зохион байгуулсан. Гэвч арванхоёрдугаар сарын 3-ны өдөр уг аяны хүрээнд байрлуулсан Улиастайн эргэдэг уулзварын самбар дээрх сурталчилгааны хэвлэх материалыг буулгах явцдаа манай алба хаагч золгүйгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Юуны өмнө, Онцгой байдлын байгууллагын удирдлага, нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс талийгаачийн гэргий болон ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлж, уучлал хүсэж байна. Уг явдалтай холбоотойгоор Шадар сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Онцгой байдлын ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын газраас тухайн өдөр хяналт шалгалт явуулсан. Мөн холбогдох зарим албан тушаалтанд цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг бид олон нийтэд дэлгэх боломжгүй. Гэхдээ хариуцлага алдсан зарим албан тушаалтанд захиргааны шугамаар хариуцлага тооцож, үйл ажиллагааг хэвийн явуулах гарцаагүй шаардлага байгаа учраас тухайн үед үүрэг чиглэл өгсөн БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга болон 63 дугаар ангийн захирагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн НОБГ-ын даргад сахилгын шийтгэл ногдуулсан" гэлээ.

Түүнчлэн тухайн үед самбар буулгах явцад ажиллаж байсан албан хаагчид цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учраас шалгалтын эцсийн дүгнэлт гарах хүртэлх хугацаанд албанаас түр хугацаагаар түдгэлзүүлснийг албан ёсоор мэдэгдье. Талийгаачийн ар гэрийнхэнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 49.9 дэх заалтын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор ажиллаж байна гэж мэдэгдлээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.