"Даншиг наадам-Хүрээ цам 2023" Шашин соёлын наадамд Дээд Монголчуудын соёл, урлагийнхан оролцоно

2023-07-21 16:43:00

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2023” шашин соёлын наадмыг 08 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.
Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой.


Жил болгоны наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохиогддог тус арга хэмжээний үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, Балин тосон урлалын тэмцээн, Лам нар, Унзад, голч нарын тэмцээн зохиогддог ба Даншгийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааны тахилга, Чингис хааны сан, Цам харайх, Сор залах, Соёмбот туг залах, Шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ зохион байгуулагдана. 
Мөн энэ үеэр жижиг дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа болон ёс заншил харуулсан Гэр хотхон, Уран зураг болон гэрэл зургийн үзэсгэлэн худалдаа, Эртний Монгол хоол, хүнсний үзэсгэлэн байгуулагдаж Хүчит бөхийн барилдаан, Хурдан морь болон Жороо морины уралдаан, Шагай харвааны наадам, Дэмбээний тэмцээн, Морин цирк, Морьт харвааны тэмцээн зохион байгуулагдана.

Тус наадамд БНХАУ-ын Хөх нуур муж, Гансу мужийн Дээд монголчууд тэр дундаа соёл, урлагийнханыг оролцуулах талаар  "Дээд монгол соёл" ТББ-ын тэргүүн Ц.Цэрэндаштай уулзалт хийж хамтран ажиллахаар боллоо. Иймд Дээд монголчууд тэр дундаа соёл, урлагийнхан тус төрийн бус байгууллагад хандаж бүртгэлээ хийлгэж, наадамд оролцохыг урьж байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.