Идэвхээр давдаг дүрмээс болж Монгол бөх устах аюултай

2023-07-17 16:30:00

Үндэсний бөх нь Монголын ард түмний өв соёл, уламжлал, дархлаа, үеийн үед дээдлэн хүндэлж, хөгжүүлж, эрхэмлэн хайрлах үнэт зүйл билээ. Аливаа хөгжил дэвшлийн хуулийн дагуу Монгол бөхийн барилдааны дүрэм шинэчлэгдсээр байна. Тухайлбал, цол бүрийг босго даваатай болгосон. Түүнчлэн ижил цолтой бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэн, хэн амжилт гаргана, түүний ам авах эрэмбэ дээшилнэ гэдэг шинэчлэл хийсэн нь бөхчүүд, бөхийн хорхойтнуудын сэтгэл нийцсэн өөрчлөлт байсан юм. Үүнээс гадна маргаантай барилдааны шүүлтэд дэвшилт технологи болох камерын удаашруулсан бичлэг ашиглах болсон нь маш чухал шинэчлэл.
 

Би давсан, унаагүй байсан гэх мэт маргаан, гашуун дурсамж өмнө нь бөхчүүдийн дунд маш их байв. Харин одоо маргаантай барилдааныг маш нарийн нягтлан шийдвэрлэх боломж бүрдсэнийг цохон тэмдэглэх нь зүйтэй. Гэтэл өөрчлөлт шинэчлэл бүхэн сайн үр дүн авчрахгүй. Тиймээс Монгол бөхийн дүрэмд өөрчлөлт оруулахдаа маш ухаалгаар бодож, шийдэх учиртай.


 
Эс тэгвээс эрдэмтэн буурлуудын шинжлэн судалж, онолын хувьд тогтоосон, огт өөрчилж болохгүй, хөдөлшгүй таван суурь зарчмын нэг болох “Монгол бөхөд нэг нь давж, нөгөө нь унаснаар барилдаан шийдэгдэнэ” гэснийг хөндөж байна. Өөрөөр хэлбэл, Монгол бөхийн үнэт зүйлийг үгүй хийхэд хүргэх нь Монгол бөхөд жингийн, талбайн орон зайн, цагийн хязгаарлалт байгаагүй. Монгол бөхөөс үзэгч түмний шимтэн хүлээдэг гол зүйл бол уран мэхийг уралдуулсан, хурц дайчин, хурдан шуурхай барилдаан байдаг. Энэ нь Монгол бөхийн хэзээ ямагт өмнөө тавих гол үндсэн зорилго, үзэл санаа, философи байх ёстой.
 
Гэхдээ бөхийн барилдаан орчин үеийн шаардаагаар цэнгэлдэх хүрээлэн, наадмын талбай, спорт заалны талбай, дэвжээгээр хязгаарлагдах болсон. Мөн Б.Түвдэндорж аваргын үеийнх шиг хонон өнжиж барилдахыг орчин үе хүлээн зөвшөөрөх боломжгүйд хүрсэн юм. Тиймээс цагийн хязгаарлалт Монгол бөхөд зайлшгүй орж ирсэн.
 
Ингээд шахааны барьж сонгож барилдах болсоор бараг 20 жил өнгөрсөн билээ. Барьц сонгосноор барилдаан, наадам хугацаандаа дуусах сайн талтай ч бидний урьдчилан олж хараагүй саар тал нь тодорхой хугацааны дараа илэрсэн. Энэхүү шахааны барьцыг шодож, азтай тал нь түрүүлж авдаг. Тиймээс бөхчүүд азад найдаж, шодохоо хүлээдэг болсон. Улмаар дүрэмдээ тохируулж, шахааны барьцаас хаях, хамгаалах гол арга болгон, жингээ нэмэх нь эрс ихэссэн юм. Үүнээс улбаалан бөхчүүдийн уран хурц барилдаан цөөрч, цаашлаад үзэгчдээ ч алдаж эхэлсэн билээ. Ийм сөрөг тал гарсан учир Монголын үндэсний бөхийн холбоо 2021 онд бөхийн дүрэмд өөрчлөлт оруулж, шахааны барьц сонгохыг халсан. Улмаар 2022 оноос идэвхгүй барилдсан бөхийг цэцийн шийдвэрээр хасаж идэвхтэйг нь давуулах шинэчлэл хийсэн.
 
Аливаа зүйл сайн, муу талтай. Тэгвэл дээрх шинэчлэлээс сайн талыг нь олж харахыг хичээе. Идэвхээр давуулах болсноор бөхчүүд санаачилгатай, дайрч довтолсон, олон мэх хийсэн тэсэрсэн барилдаан үзүүлэх болсон нь ажиглагддаг. Сөрөг тал нь гэвэл монгол бөхийн унаж, давснаар дуусдаг суурь зарчим алдагдаж эхэлсэн.
 
Барилдаж буй хоёр бөхийн барилдааны хувь заяа өмнө нь зөвхөн тэдний гарт байсан бол одоо дундуур нь цэц гэдэг гуравдагч этгээд орж, унаа, даваа шийдэгдэж эхлэв. Богино хугацаанд энэ дүрмийг туршихад Э.Оюунболд арслан, М.Лхагвагэрэл заан нэгэн барилдааны үзүүр, түрүүнд шалгаран барилдаж байв. Тухайн үед идэвхээр давуулж, түрүү бөх тодроход бөхчүүд болон үзэгч олон үүнийг монгол бөхөд тохирох дүрэм огт биш гэдгийг ойлгосон. Заавал унаж хаяж дуусдаг нь монгол бөхийн үнэт зүйл, үндэсний өв уламжлал билээ. Бид асуудлаа том зургаар нь харж чадахгүй, наадмаа цагтаа багтааж дуусгах гэх жижигхэн асуудалд баригдаж, түүнийгээ зөв шийдэж чадахгүй бол үеийн үед өөрчлөх ёсгүй үндэсний бөхийн үндсэн зарчим алдагдана. Улмаар жоомоо устгах гээд гэрээ шатаасан шиг эмгэнэлтэй зүйл болно. 1988 оны наадамд идэвхийг үнэлж үзсэн. Тухайн үед нэг бөх 10 гаруй удаа өрсөлдөгчийнхөө хөл рүү өшиглөсөн маягтай болоод, мэх хийсэн идэвх үзүүлсэн гээд даваа авсан. Гэсэн ч үүнийг Монгол бөхөд цаашид ашиглах бололцоогүй гээд дахиж хэрэглээгүй гашуун туршлага бий. Одоо бөхийн дүрэмд байгаа заалтаас харахад яг ямар арга, мэх, хөдөлгөөнийг идэвхтэй гэж үзэх нь тодорхойгүй. Тиймээс түрүү бөхийг яаж тодруулах нь бөхийн цэцдийн толгойны өвчин болох нь тодорхой. Ийм тодорхойгүй зүйлээр улсын наадмын түрүүг тодруулбал үзэгч түмэн хүлээж авахгүй. Түүнээс гадна мөнгөтэй хүн, компани, нутгийн зөвлөлийнхөн цэцийн гишүүнд нөлөөлөх гэж оролдох асуудал тулгарч болзошгүй. Мөн идэвхээр хасагдсан нь хэл амаар дайрах, доромжлох, зарга хийх магадлалтай.
 
Шүүмжийг хүн бүр хэлж чадна. Тиймээс миний бие шүүмжлэхээс илүү гарц шийдэл, гаргалгаа санал болгож байна. Шахааны барьц сонгох дүрмийг анх гаргахдаа давуу барьцыг шодолтоор биш, хэн идэвх гаргасанд нь, бас ганц биш, олон барьцын сонголттой оруулж ирсэн бол барилдааныг унаж, давснаар дуусгах гарц олох байлаа. Гэхдээ бид алдаанаасаа суралцах ёстой.
 
Тэгэхээр тогтсон цагтаа эхлээд, хоёр бөхийг бүх хүч, авьяас чадвараа дайчлан барилдахыг шахаад, сэрвүү, дан давхар шуудаг, сугадааны барьцын хугацааг дуустал цэцүүд хянаад, хэн нь илүү идэвх гаргасныг тогтоодгоороо тогтооё. Харин идэвхээр аль нэгийг давуулдгаа больё. Тэгээд нэг биш, таваас цөөнгүй барьцаас биеийн онцлог, жин, өндөр, барилдааны хэв маяг, арга  техник, мэх чадвараас хамаарч сонгох боломж бөхчүүдэд олгоё. Жишээ нь, хөл дангаар авах, сэнжигний барьцтай хонгодож авах, аль нэг талын сэнжигнээс хоёр гараар атгаж авах, нэг талын сэнжиг, шуудгийн барьц авах, далбааны ар, шуудгийн барьц авах гэх мэт байж болно. Өөрөөр хэлбэл, аль болох жин нэмэх сөрөг тал гаргах боломжгүй барьцыг, бөхчүүдийн дунд санал асуулга явуулах замаар хаялцах барьцын жагсаалтад оруулсан нь зөв байх. Нэгэнт унасанд тооцогдсон, идэвх гаргаагүй бөхөд сүүлчийн боломж олгон, харин идэвхтэйд тооцогдсон бөхөд давуу тал барьц олгож, таван минут барилдуулбал ямар вэ. Таван минутад хаялцаж чадаагүй тохиолдолд нөгөө бөхөд нь давуу барьц сонгох эрх шилжинэ. Давуу барьц сонгосон бөх барьцаа алдсан ч барилдаан идэвхтэй үргэлжилбэл зогсоохгүй байх шаардлагатай. Харин барилдаан эхлэх үед барьц сонгуулсан бөх ямар ч барьцгүй байснаа барилдаан эхэлсний дараа барьцаа олж авахаар зохицуулахгүй аваас барьцаа авах гээд цаг авдаг гашуун туршлага бий. Энэ гаргалгааны давуу тал бол идэвхтэй дайчин барилдааныг дэмжиж, шагнал урамшуулал болгон, олон төрлийн давуу барьцаас өөрт тохирохыг сонгуулах юм. Ингэснээр бөхийн барилдаан цагтаа дуусах боломж бүрдэж, хамгийн гол нь давснаар дуусдаг Монгол бөхийн үнэт зүйл, суурь зарчим хадгалагдана.
 
 
Хуульч Д.Эрдэнэ


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.