А.Отгонбаатарыг олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан гэж 200 мянган төгрөгөөр торгох ШИЙТГЭЛ оногдуулжээ

2023-03-14 12:27:00

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарт холбогдох зөрчлийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэн, танхайрсан үндэслэлээр 200 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Тодруулбал, Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нь 2023 оны нэгдүгээр сарын 9, 20-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд очиж, өөрийн цахим хаягаас “live” буюу шууд дамжуулалт хийжээ. Энэ үеэр тодорхой бус шаардлага гаргаж, шүүгчийн сонгон шалгаруулалт явагдаж байгаатай холбогдуулан шаардлага тавьсан албан хаагчдыг үг хэлээр доромжлон хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг илтэд үл хүндэтгэж танхайрах зөрчил үйлдсэн гэж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм байна.

Шүүхээс Зөрчлийн тухай хуульд зааснаар дээрх үйлдлийг олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэн танхайрах зөрчлийг үйлдсэн гэж үзэж, түүнийг 200 нэгж буюу 200,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо  чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхтэй гэж баталгаажуулсан. Гэхдээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг эдлэхдээ бусдын эрх нэр төрийг хүндэтгэх, нийгмийн дэг журам, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууныг хамгаалах үүднээс бусдын эрхэд хүндэтгэлтэй хандах үүрэгтэй байдаг хэмээн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.