Зөгийн үүрийг сүйтгэгч шувуу
2023-03-13 17:20:00
Харцага шувууны ихэнх төрөл нь хулгана, зурам мэтийн жижиг амьтад барьж иддэг билээ. Тэгвэл уг шувууны нэгэн сонирхолтой төрөл нь зөгий, хэдгэнэ мэтийн үүр засч амьдардаг шавжнуудыг ангуучилдаг байна. Энэхүү шувууг хүмүүс “зөгийн балны шонхор” гэж нэрийддэг болсон байна.
Зөгийн балны шонхор энэхүү шавжнуудыг нэг нэгээр нь биш бүхэл бүтэн үүртэй нь хамт сүйдэлдэг байна. Сонирхолтой нь тэднийг зөгийн хатгуур огт айлгадаггүй аж.
Мэдээж хэрэг махчин шувуу болсон хойно жижиг шувууд, хулгана зурам, мөлхөгч амьтдыг агнаж чаддаг. Гэхдээ боломж олдох юм бол амтат зөгийн балнаас тэд буцдаггүй.
Шонхор шувуу өөрийгөө зузаан өдөн “хуяг”-аараа хамгаалдаг. Өд нь нилээд зузаан бөгөөд бусад шувууныхаас хэд дахин нягт учраас зөгийн хатгуур биенд нь хүрч чаддаггүй байна. Үүний хажуугаар тус шувуу хүсэх юм бол өдөө хумьж ердийн үеийнхээс 50-70 хувиар илүү нягт чанартай болгодог гэнэ. Тиймээс тэд зөгий, хэдгэний дайралтыг юман чинээ боддоггүй ажээ.
Зөгийн балны Шонхор шувуу аажимдаа урт гавлын ястай болж, хушуу нь маш хатуу болсон учраас зөгийн үүрийг ядах юмгүй тоншдг болжээ. Зөгийн балны хамрын нүх нь үүрийг тонших үеэр бал, шороонд бөглөрөхгүйн тулд илүү жижиг болдог гэжээ. Эцэст нь урт хэлтэй учраас ямар ч асуудалгүй идэж чаддаг байна.
Гэхдээ энэхүү шувууг холоос харвал тагтаатай андуурмаар адилхан харагддаг байна. Харин дэргэд нь ирээд харвал нилээд сүрлэг амьтан таныг угтах болно. Энэ төрлийн шувууд 1.5 кг жинтэй бөгөөд далавчаа дэлгэхэд урт нь 160 сантиметр хүрдэг байна.
Тэдний дараагийн сонирхолтой хувьсал нь сарвууны бүтэц юм. Сарвуу нь зузаан хайрсаар хучигдсан байдаг. Үүний тусламжтай тэд зөгийний үүрийг цөмөлж ордог байна.
Үүний хажуугаар тэдний өд нь өвөрмөц үнэр ялгаруулдаг гэнэ. Эрдэмтэд тэрхүү үнэрний цаад учрыг тайлж чадаагүй хэвээр байгаа. Гэхдээ тэрхүү үнэрийг зөгийнүүдийг үргээх зорилгоор ялгаруулдаг гэдэгтэй олонх нь санал нийлдэг байна.
Өвлийн улиралд зөгийн балны шонхор Зүүн өмнөд Ази, Энэтхэг хавьцаа нутагладаг бол зун нь Сибирь, Японд ирдэг гэнэ. Нутаглахдаа ой мод, өргөн дэлгэр уудам талбайг сонгодог.
Харин Индонезид зөгийн балны шонхорын өөр нэг төрөл цөөн тоогоор нутаглан амьдардаг гэжээ. Тэд ихэвчлэн тосгон, хотуудын хажууд үүрлэдэг. Уг шувуу дэгдээхийгээ жил гаруй дэргэдээ байлгаж зөгийн бал идэх ур чадварт сургадаг байна. Ингэхдээ тэд эхлэж өөрсдөө үүрийг сүйдлээд дараа нь дэгдээхийгээ дотор нь оруулдаг.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.