А.Хишигбаяр: Хүүхдийн мөнгөнөөс 113,000 хүүхэд хасагдахаар байна
2023-01-17 12:03:00
Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам (ХНХЯ), Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ), Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам (ЦХХХЯ)-наас хамтарсан мэдээлэл хийлээ.
Шинэ зохицуулалтаар нийт хүүхдийн 91 хувьд нь мөнгө олгож, есөн хувьд нь олгохгүй гэж байна. Ингэснээр хэдэн төгрөг хэмнэж байгаа талаарх сэтгүүлчийн асуултад ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр хариуллаа.
Тэрбээр "Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийг дагалдуулаад хүүхдийн мөнгийг халамжийн хөтөлбөр болгож, Нийгмийн халамжийн хуульд өөрчлөлт оруулсан. Энэ хүрээнд хүүхдийн мөнгийг 91 хувьд нь олгоно гэсэн УИХ-ын тогтоол гарсан байдаг.
Өмнө нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд сар болгон 20,000 төгрөг олгодог байсан. Улмаар коронавирусийн нөхцөл байдал хүндэрсэн гэх агуулгаар 2020 оны тавдугаар сараас 100,000 буюу тав дахин нэмэгдүүлж олгож эхэлсэн. Тэгэхээр өнөөдөр коронавирусийн нөхцөл байдал харьцангуй гайгүй боллоо. Хүүхдийн мөнгийг 100,000 хэвээр хадгалаад явъя. Харин зорилтот бүлэгтээ чиглүүлье гэдэг УИХ-ын тогтоол, төсвийн хууль дагалдуулаад халамжийн хуульд өөрчлөлт оруулсан байгаа юм.
Өрхийн амьжиргааг үнэлж, улмаар 91 хувьд нь хүүхдийн мөнгө олгоод есөн хувьд нь хүүхдийн мөнгийг аргачлалаар хасъя гэдэг арга зүйг хэрэглээд байна. Тодруулбал, сард 1,260,000 хүүхдэд мөнгө олгодог" гэв.
Мөн үргэлжлүүлэн "Монгол Улсад 970,000 гаруй өрх бий. Үүнээс 0-18 насны хүүхэдтэй 568,000 өрх байна. Төрд байгаа таван мэдээлэлд үндэслээд бодоод үзэхэд 78,000 өрхийн 113,000 хүүхэд есөн хувьд нь буюу хүүхдийн мөнгөнөөс хасагдахаар байна.Энэ жил хүүхдийн мөнгөнд 118 тэрбум төгрөг батлагдсан. Хүүхдийн мөнгө олгохдоо есөн хувийг хассанаар сард 10 тэрбум хэмнэж байгаа" гэдгийг нэмж хэллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.