АИ-92 шатахууны үнийн өсөлтийг бууруулах тогтоолын төслийг яаралтай хэлэлцүүлэхийг хүсжээ
2023-01-12 10:11:00
Иргэдийн түгээмэл хэрэглэдэг АИ-92 шатахууны үнийг өсөхөөс сэргийлнэ гэдгийг Засгийн газраас мэдэгдэж байв.
Үүнтэй холбогдуулж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлжээ.
Богино хугацаанд ард иргэдийн амьдралд хамгийн том нөлөө үзүүлдэг газрын тосны бүтээгдэхүүн АИ-92 авто бензиний үнийн өсөлтийг бууруулж, тогтвортой байлгах, үнэ өсөхөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулж онцгой журмаар зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт олгох шаардлага тулгарч байгааг салбарын сайд хэлсэн байна.
Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл 5 зүйлтэй бөгөөд 1, 2 дугаар зүйлээр Монгол Улсын эдийн засаг, нийгэм, инфляцыг тодорхойлогч хэрэглээний сагсанд томоохон хувь эзэлдэг газрын тосны бүтээгдэхүүн АИ-92 автобензиний гаалийн албан татварын хувь хэмжээг 0-5 хувиар тогтоох эрхийг Засгийн газарт олгох, 3 дугаар зүйлээр газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварыг 0-5 хувиар гэж хязгаар заасан байгааг 5 хувь гэж өөрчлөх, 4 дүгээр зүйлээр хууль дагаж мөрдөх хугацааг заасан байна.
Тогтоолын төсөл батлагдсанаар Засгийн газар олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн газрын тосны бүтээгдэхүүн АИ-92 автобензиний үнийн өсөлт, сөрөг нөлөөллийг бууруулах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Мөн Засгийн газрын хуралдаанаас тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэх хүсэлт гаргасныг салбарын сайд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт уламжлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.