СОНИН ХАЧИН: Өөрөө өөртөө мэс засал хийсэн эмчийн түүх

2022-11-23 16:23:00

Ихэвчлэн судлаачид холын замд явахдаа шаардлагатай үед тусламж үзүүлэх эмч хамт авч явдаг. 1961 онд Антарктидын экспедицийн гишүүдийн нэгийн ходоод гэдэс өвдөж, халуурч, бөөлжиж эхэлжээ. Энэ нь мухар олгой байсан нь эргэлзээгүй. Гэвч харамсалтай нь тэрхүү өвчтөн бол багийн гишүүдийнхээ эрүүл мэндийг байнга хянаж байдаг эмч өөрөө байжээ. Тэрээр энэ асуудлыг шийдэх цорын ганц аргыг олсон нь өөрөө өөртөө мэс засал хийх байсан ажээ.

4-р сарын 29-ний орой Антарктидын экспедийн бүрэлдэхүүнд байсан мэс засалч Леонид Иванович Рогозов мухар олгойн бүх шинж тэмдгийг өөрөөсөө олж мэдэрчээ. Тэрбээр амрах, антибиотик эмчилгээ хийх, хүйтэн жин тавих аргаар өвдөлтийг намдаахыг оролдсон боловч юу ч нэмэр болоогүй байна. Цаг агаарын тааламжгүй нөхцөл байдал түүнийг ойролцоо орших эмнэлэг "Новолазаревская" бааз руу хүргэх боломжгүй болгосон ажээ. Ингээд тэрээр эргэлзэлгүйгээр өөрөө өөртөө мэс засал хийх хатуу шийдвэрийг гаргасан юм.

Түүний туслахуудаар цаг уурын эмч, механикч, станцын мастер ажилласан бөгөөд тэд мэс заслын талаар огт ойлголтгүй байв. Леонид Рогозов тус бүрд нь хурдан зааварчилгаа өгч, шоконд орсон нөхдөө сэргээхийн тулд өөрөө наргиан хийж байжээ.

Экспедицээс буцаж ирсний дараах Леонид Рогозовын гэрэл зураг

Тэрээр мэс ажилбарыг бээлийгүйгээр хийжээ. Механикийн барьж байсан толинд бүх зүйл урвуу харагдаж байсан тул хурууныхаа мэдрэмжид тулгуурлах шаардлага гарсан байна. Энэ ажиллагаа 1 цаг 45 минут үргэлжилсэн аж. Мэс засал эхэлснээс хойш хагас цагийн дараа эмч 4-5 минут тутамд амарч эхэлсэн байна. Леонид өөрийгөө хийж чадахгүй бол яах вэ гэсэн бодлоор айлгахыг хүсээгүй тул бүх чадлаараа хичээж ажиллажээ.

Рогозовын эр зоригийн талаарх сонинд нийтлэгдсэн мэдээ

Эцэст нь мухар олгойгоо хайчилж, антибиотик тарьж, зүслэгийг оёх гээд бүх зүйлийг зөв хийжээ. Хэдэн өдрийн дараа температур буурч, залуу эмчийн бие сайжрахад оёдлоо мөн өөрөө авчээ. Хүн өөрөө өөрийнхөө мухар олгойг авсан энэ хэрэг анагаах ухааны практикт цорын ганц болсон юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.