Говь-Алтай аймгийн зарим газрын даргыг Төрийн албаны зөвлөлөөс ажлаас нь чөлөөлсөн ч хууль зөрчин ажиллаж байна
2022-11-17 17:53:00
Өнгөрсөн жил ковидын хуулийн балгаар төрийн албаны хууль бус томилгоо газар авсан. Зөвхөн 2021 онд гэхэд л 532 хүнийг “ковид-19”-ийн хуулийн халхавчин дор төрийн албанд томилон ажиллуулж байгаа талаар төрийн албаны зөвлөлөөс мэдээлж байсан билээ.
Жишээлбэл, Говь-Алтай аймагт 115 алба хаагчийг хууль бусаар томилсон зөрчил илэрч байсан юм. Гэсэн хэдий ч төрийн албаны шаардлагагүй хангаагүй хүмүүс одоог хүртэл даргын суудалд суусан хэвээр байна.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗАВХРАЛ: Төрийн албаны зөвлөлөөс ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гарчхаад байхад Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Алтангэрэл, БШУ-ны газрын дарга Ж.Амгаланбаатар, ХХААГ-ын дарга Т.Сүхбаатар, Аймгийн ЗДТГ-ын, Хууль эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Эрдэнэбат, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Хаш-Эрдэнэ, Говь-Алтай аймгийн ОНӨГ-ын Хууль, шийдвэрийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нансалмаа, Соёл урлагийн газрын Соёлын боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Элбэгзаяа нар хууль зөрчин одоог хүртэл ажиллаж байна.
Төрийн албаны зөвлөлөөс хяналт шалгалт хийж, төрийн албаны тухайн хуулийн тогтоолоор өгсөн хугацаатай үүрэгт даалгаврыг биелүүлээгүй гэх шалтгаанаар дээрх нэр бүхий албан тушаалтнуудыг Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 сарын 28-ны 298 дугаар тогтоол, 2021 оны 10 сарын 28-ны 283 дугаар тогтоол, 2022 оны 03 сарын 09-ний 189; 190 дүгээр тогтоол, 2022 оны 03 сарын 30-ны 180; 181; 185; 186; 188; дугаар тогтоолуудаар томилсон шийдвэрүүдийг нь хүчингүй болгосон хэдий ч одоог хүртэл албаа хашиж байна. Өөрөөр хэлбэл, томилгоогүй албан тушаалтнууд албан үүргээ гүйцэтгэж, төрийн албаны завхрал газар авчээ.
Говь-Алтай аймгийн БШУГ-ын даргаар аймгийн Р.Батмөнх ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Түүний оронд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Эрхэмбаяр хууль бус томилгоотой түр ажиллаж байгаад 2021 оны 10 дугаар сарын 15-нд Ж.Амгаланбаатарыг БШУГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан Б.Баян-Эрдэнийн оронд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Насанбуян хууль бус томилгоотой ажиллаж байгаад 2021 оны есдүгээр сарын 22-ны өдөр Т.Сүхбаатарыг хууль зөрчин томилсон байна.
2022 оны эхээр Төрийн албаны зөвлөл Говь-Алтай аймагт ажиллаж, тус аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт төрийн албаны хууль тогтоомж зөрчиж томилсон Ж.Амгаланбаатар, Т.Сүхбаатар нарыг ажлаас нь чөлөөлж, хууль хэрэгжүүлэх чиглэлээр үүрэг өгсөн боловч биелүүлээгүй учраас тухайн хоёр албан тушаалтныг ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг гаргажээ. Ингээд ТАЗ-өөс өнгөрөгч гуравдугаар сарын 30-нд Ж.Амгаланбаатар, Т.Сүхбаатар нарыг ажлаас нь чөлөөлжээ. Гэтэл Ж.Амгаланбаатар, Т.Сүхбаатар нар хууль зөрчин өнөөдрийг хүртэл ажиллаr байгаа төдийгүй шагнуулсан гавьяатай байгаа гэнэ.
Төрийн албаны зөвлөлөөс уг долоон албан тушаалтныг томилсон захирамжийг хүчингүй болгох тогтоол гаргаад найман сарын хугацаа болж байна. Гэтэл тэд хэвийн ажлаа хийгээд явж байгаа нь хууль бус томилгоо хэрээс хэтэрснийг харуулж байгаа юм. Тиймээс төрийн албаны шаардлага хангахгүй хүмүүс хуулийг уландаа гишгэж, дураараа авирлаж байгаа асуудалд анхаарч, шаардлага хангасан алба хаагчдыг томилж, төрийн албаны завхралыг бага ч болов арилгах шаардлагатай байна О.Амгаланбаатар дарга аа!!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.