С.Баярцогт: Гэм буруугүй нь дөрвөн улсын хууль хүчний байгууллагын оролцоотойгоор нотлогдож, цагаатсан шийдвэр гарсан

2022-11-01 16:02:00

Өнөөдөр Сангийн сайд асан С.Баярцогт Швейцарын холбооны улсаас үүсгэсэн байсан авилга авсан, мэргэжлийн аргаар мөнгө угаасан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүллээ. 

С.Баярцогт "Сүүлийн үед зохион байгуулалттайгаар энэ хэргийн талаар мэдээллүүд гарч эхэлсэн. Тийм учраас зориуд хэвлэл мэдээллийнхний оролцоотойгоор Нийслэлийн прокурорын газрын Тамгын газрын даргад Швейцараас ирсэн тогтоолыг гардуулан өгч байна. Уг тогтоол Герман хэл дээр байгаа. Албан ёсны орчуулгын товчоогоор орчуулсан орчуулгын хамт өгч байна. Монголчууд үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг. Үнэн, мөн нь, гэм буруугүй нь зөвхөн нэг улсын биш дөрвөн улсын хууль хүчний байгууллагын оролцоотойгоор нотлогдож цагаатсан шийдвэр гарсан. Би 500 гаруй хоног шоронд суусан. Энэ хугацаанд өмнө нь би улстөрд 30 гаруй жил зүтгэхдээ нийгмийн асуудал, Үндсэн хууль, мөн Сангийн сайд байсны хувьд эдийн засаг, бодлогын асуудалд анхаардаг байжээ. Гэтэл бид Үндсэн хуулийнхаа нэг салбар тогтолцоог төгс, төгөлдөр болгож чадаагүй, хууль засагладаг хэлбэрт оруулж чадаагүй, хүн засагладаг хараат байсан юм байна гэдгийг бодсон. Тийм учраас би хүний эрх, хууль засагладаг төрийн тогтолцооны төлөө ажиллахыг зорьж байна” гэв.

Хэргийг сануулахад, С.Баярцогтыг 2016 оноос хойш Оюутолгойн гэрээтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж маш удаан хугацаанд шалгасан. Зөвхөн Монголд ч биш энэ хэргийг тодорхой улстөрчдийн оролцоотойгоор олон нийтийн байгууллагын нэрээр Швейцарын холбооны улсад хэрэг үүсгэсэн байсан. Энэ асуудлыг зургаан жилийн хугацаанд Монголд шалгасан юм. Ингээд 2022 оны зургаадугаар сарын 13-нд Монгол Улсын Нийслэлийн Прокурорын Газраас албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргүүдийг хэрэгсэхгүй болгожээ. Яг үүнтэй адилхан нэг материал дээр Швейцар улсаас үүсгэсэн байсан авлига авсан, мэргэжлийн аргаар мөнгө угаасан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон Швейцарын Холбооны Улсын прокурорын тогтоолыг тус улсад байгаа миний өмгөөлөгчөөр дамжуулан 2022 оны наймдугаар сарын 24-нд надад ирүүлсэн байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.