ХЭҮК:ТҮЦ ачих үеэр Сүхбаатар дүүрэгт 2 Баянзүрх дүүрэгт 1 хүний эрхийн зөрчил гаргасан байна

2025-05-09 14:47:00

Өнөөдрийн байдлаар 20 орчим иргэн ХЭҮК-ын гадаа суулт зарласаж, мөн 7 иргэн өлсгөлөн зарласан. Тэгвэл өнөөдөр хүний эрхийн үндэсний комиссоос /ХЭҮК/ ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж өнөөдөр мэдээлэл өглөө.

ХЭҮК-ийн гишүүн Б.Энхболд: Шалгалтын ажиллагаа өргөн цар хүрээтэй явагдсан. Шалгалтын үр дүнд дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд ТҮЦ эрхлэгчдэд бүрэн мэдээлэл өгөх, боломжит хугацааны өмнө урьдчилан мэдэгдэх, тэдний оролцоог хангах ажлыг ерөнхий байдлаар хийсэн. Хүн тус бүртэй уулзаж, санал болгох ажлын байр, түрээслэх зах худалдааны төвийн лангуу болон бусад боломжуудаа танилцуулж яриа хэлэлцээр хийснээ баримтжуулаагүй. Засаг даргын 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн А/237 дугаар захирамжийг гардуулан өгч газар чөлөөлөх ажиллагааны талаар бүрэн мэдээллийг өгөөгүй. Үүнтэй холбоотойгоор ТҮЦ эрхлэгчдийн зүгээс шүүхэд хандах эрх нь хязгаарлагдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Уг захирамжийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил төлөвлөлтийг хангалтгүй хийснээр газар чөлөөлөх ажиллагааны явцад зарим иргэний эрх зөрчигдсөн. Эд хөрөнгөд хохирол учирсан. Хүнлэг бус харьцсан.

Нүүлгэн шилжүүлэх ажиллагааг бусдаар хийлгүүлэхдээ удирдлага зохион байгуулалтаар хангах талаар шаардлагатай арга хэмжээг аваагүй. Дөрөвдүгээр сарын 4-нд мэдэгдэх хуудас өгөөд дөрөвдүгээр сарын 8-аас ТҮЦ-үүдийг албадан нүүлгэсэн.

Сүхбаатар дүүрэгт 2 Баянзүрх дүүрэгт 1 тохиолдол илт хүний эрхийг зөрчсөн шинжтэй байна. ХЭҮК нийслэл, дүүргийн удирдлагуудтай тавдугаар сарын 1-нд уулзаж, гомдол санал гаргасан иргэдтэй нэг бүрчлэн уулзаж санал хүсэлтийг нь сонсох, үр дүнтэй хэлэлцээр хийх, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авахдаа хүний эрхийг хүндэтгэж бусдын эд хөрөнгийг гэмтээж устгахаас урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авч, үр дүнг эргээд комисст мэдээлэх талаар зөвлөмжүүдийг өгсөн. Энэ уулзалтаас тодорхой үр дүн гараагүй. Нүүлгэх үйл ажиллагаа нь улам эрчимжсэн талаар иргэд дахин ХЭҮК-т хандсан. Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор дараах арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад зөвлөж байна.

  • Дүүрэг тус бүр гомдол гаргасан иргэдийг хүлээж авч уулзаж бүх талын зөвшилцөлд хүрэх
  • Хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох
  • Төрийн албан хаагчдыг хүний эрхийн сургалтад суулгах

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.