Нийтэд хүрэлцэдгүй НИЙТИЙН ТЭЭВЭР

2022-10-14 16:05:00

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийтийн тээврийн үйлчилгээний нөхцөл байдалтай танилцах үеэрээ "Иргэд автобусанд суухаас ичдэг биш, харин суух сэдэл, сонголт, тав тухыг нь бид бүрдүүлж өгөх ёстой" хэмээн хэлсэн. 

Зуун жилийн баталгаа гаргасан шинэ гүүр ашиглалтад орсон ч Улаанбаатар хотын мянга, мянган иргэд амьдралынхаа багагүй хугацааг замын түгжрэлд өнгөрүүлсэн хэвээр байна.

Иргэдийг “Машинаас татгалзъя, нийтийн тээврээрээ үйлчлүүлцгээе” гэж уриалаад ч нэмэр алга. Монгол Улсын авто машины тоо өдөрт 220-оор нэмэгдэж байгааг ГЕГ-ын статистик мэдээллээс харж болно.

Өнгөрсөн оны эхний найман сарын байдлаар суудлын авто машины тоо 41,429-өөр нэмэгдсэн байдаг. Энэ тоо баримт бол иргэд нийтийн тээврээр бус хувийн машинаар зорчихыг илүүд үзэх болсны баталгаа юм. Энэ хандлага зөөлөвч нь урагдаж, төмөр нь ёрдойсон сандал, онгойхоо больсон цонх, нээж хаах бүрдээ гацах хаалга, халдваргүйжүүлэлт ариутгал хийгээгүй бохир бариул, хөлд хөглөрөх хог шороо зэрэг нийтийн тээврийн бохир орчин, тав тухгүй байдал, жолооч нарын соёлгүй харилцаатай шууд холбоотой.

Үүнээс гадна хүрэлцээгүй нийтийн тээврийг замын түгжрэлд хүлээж цөхөрсөн иргэд өндөр хүүтэй машин зээлээр авах нь олширчээ. Мэдээж хэрэг өөрийн унаагаар гэртээ эрт хэн харьж, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэхийг хүсэхгүй хэн байх вэ.

Тэр тусмаа аравхан буудал явах газар цаг хэртэй түгжирч, тав тухгүй нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдэд унаатай болох юу юунаас эрхэм хүсэл. Гэвч хөлтэй бүхэн машин унана гэвэл Улаанбаатар хотын түгжрэл хэзээ ч арилахгүй. Авто замын түгжрэлийг бууруулах хамгийн оновчтой шийдлийн нэг бол нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх явдал юм.

Холбогдох байгууллагууд иргэдэд хүртээмжтэй, зөв шийдэл бүхий шинэчлэлтийг хийхгүй бол иргэдийн гомдол бухимдал туйлдаа хүрэх нь. Одоогоор нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн өмчит 18 аж ахуйн нэгж 95 чиглэлд 800 гаруй нийтийн тээврийн хэрэгслээр үйлчилж байна. Хэдий сонсоход олон мэт боловч нийслэлд суурьшсан 1.5 сая гаруй хүнд энэ нь аманд ч үгүй, хамарт ч үгүйтэй адил юм. 

Өдөр бүр тохиолдох хэрүүл шуугианаас залхаж гэр хүртлээ алхахыг илүүд үзэх болсон иргэддээ метротой болох  үлгэр ярьснаас нийтийн тээврийн тоог нэмбэл яасан юм бэ, эрхэм дарга нар аа.

Мөн Офицеруудын ордноос Таван шар хүртэлх зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус зэргийг зорчуулахаар заасан захирамжаа эргэн нэг харж, хэрэгжилтэд нь анхаарал хандуулаач ээ.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.