С.Бямбацогт сайд өөрийн зөвлөхөөр ИНЕГ-т ажиллаж байхдаа мөнгө угаасан хэрэгт холбогдож байсан Д.Эрдэнэбатыг томилжээ
2022-10-12 19:34:00
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдон өнгөрөгч наймдугаар сарын 30-нд тамгаа хүлээж авсан. Түүний хувьд Ховд аймгаас УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдсон туршлагатай нэгэн.
Гэтэл С.Бямбацогт сайд өөрийн зөвлөхөөр их хэмжээний мөнгө угаасан, хахууль авсан хэрэгт холбогдож байсан хүнийг томилсон гэх эх сурвалжийн мэдээлэл байна.
ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежерээр ажиллаж байхдаа мөнгө угаасан хэргээр ял шийтгүүлж байсан Д.Эрдэнэбатыг зөвлөхөөрөө томилжээ. Д.Эрдэнэбат нь ИНЕГ-ын дарга Батмөнхтэй хамт ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө угаасан хахууль авсан хэрэгт сэжиглэгдэж анхан болон давж заалдах шатны шүүхээс 6.6 жилийн чанга дэглэмтэй хорих ял авч байжээ.
Тодруулбал, ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх, тус газрын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежерээр ажиллаж байсан Д.Эрдэнэбат нар тухайн үеийн “Чингис Хаан” олон улсын буудлын “Оператор”-ын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “Электрон системс” ХХК-ийг тендерт хууль бусаар шалгаруулж улсад 1.062 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь шүүхээр тогтоогдсон юм.
Гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөнийхөө хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, аливаа этгээдийг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор мөнгө угаасан нь нотлогдож байсан юм. Өөрөөр хэлбэл, “Медиа саммит Лимитед” компанийн Хонконг дахь HSBS банкин дахь харилцах дансанд 150 мянган ам.доллар шилжүүлж, “Электрон Системс” ХХК-ийн Голомт банкин дахь дансаар 144.960 мянган ам.долларыг буцаан хүлээн авч байсан. Түүнчлэн мөнгө угаах үйлдлээ давтан үйлдэж “Трэшур космо лимитед” компанийн Хонконг дахь "HSBS" банкин дахь харилцах дансанд 155 мянган ам.доллар шилжүүлж, 153 мянган ам.доллар, 202 мянган ам.доллар, 39.968 ам.долларыг тус тус Ц.Батнасангийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар дамжуулан М.Батболдын Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар буцаан хүлээн авч мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдож байсан.
Засгийн газрын гишүүн, ЗТХ-ийн сайд зөвлөхөөр мөнгө угаасан хэргээр ял авч байсан Д.Эрдэнэбатыг томилсон нь хэр ёс зүйд нийцэх вэ.
Ял авсан хүнийг өршөөгөөд дахиад л төрийн алба, тэр дундаа Засгийн газрын гишүүний зөвлөхөөр томилдог. Ийм байхад хууль сахих, ёс зүй ярих шаардлага байна уу. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын даргаа Д.Амарбаясгалан нар энэ асуудлыг анхаарах ёстой биз ээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.