СОНИРХОЛТОЙ: Хотын үзэмжид өнгө нэмсэн гайхалтай барилгууд

2022-09-19 14:40:00

Хүний гараар бүтээгдсэн агуу барилга, байгууламж гэхээр бидний санаанд хамгийн эхэнд дэлхийн долоон гайхамшиг ордог. Тэгвэл орчин үед тэдгээрээс дутахгүй хараа булаахаар барилгууд олон боссон ч хүмүүс тэр бүр анхаарал хандуулдаггүй аж. Ингээд та бүхэнд хүний төсөөлөл ямар агуу болохыг баталсан сонирхолтой архитектур бүхий барилга байгууламжуудаас сонирхуулъя.

1. Лянхуа цэцгэн барилга - Вужин хот, Хятад

Хиймэл нуурын мандал дээр дэлбээлэх энэхүү барилга Хятадын Вужин хотод оршдог. Барилгын архитектор ямар ч улиралд, ямар ч цаг агаарт хүмүүст урин дулаан цаг эхэлж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд дэлбээлж буй лянхуа цэцгийн хэлбэртэй барилгыг бариулжээ.

Лянхуа цэцгэн барилга - Вужин хот, Хятад

2. Альпийн нуруун дах уулын энгэрийн зочид буудал

Хэдийгээр энэхүү зочид буудал нь төслийн шатандаа яваа боловч анхаарал татахгүй байх аргагүй ажээ. Архитектор Андрей Рожко уулын дүр төрхөөс санаа авч энэхүү зочид буудлын барилгын зураг төслийг гаргасан байна.

Альпийн нуруун дах уулын энгэрийн зочид буудал

3. Лянхуа цэцгэн хэлбэртэй сүм - Бахапур, Энэтхэг

Лянхуа цэцгэн хэлбэртэй бас нэгэн томоохон барилга болох энэхүү сүм нь Энэтхэгийн уламжлалт Бахаи шашны мөргөлийн газар ажээ. Сүмийн үүд ямар ч шашны шүтлэгтэй хүмүүст нээлттэй бөгөөд төв танхим руу ордог есөн хаалга нь бүх шашны эв нэгдлийг бэлгэддэг байна. 

Лянхуа цэцгэн хэлбэртэй сүм - Бахапур, Энэтхэг

4. Куб хэлбэртэй байшингууд - Роттердам хот, Нидерланд

Роттердам хотын "Overblaak"-ын гудамжинд орших 40 байшингаас бүрдсэн энэхүү бяцхан хороололд очиход дэлхий урвуу харчихсан мэт санагддаг гэнэ. Архитектор Пит Бломийн бүтээсэн уг байшингуудын хана, цонх бүгд 45 хэмийн налуутай. Сонирхолтой нь барилгын дотор ямар нэгэн урлаг соёлын төв биш жирийн айлууд байдаг ажээ.

Куб хэлбэртэй байшингууд - Роттердам хот, Нидерланд

5. "Атомиум" - Брюссель хот, Бельги

Энэхүү байгууламж гаднаасаа асар том төмөр хөшөө мэт харагддаг ч үнэндээ урлаг соёлын үйлчилгээний төв юм. Атомыг дүрсэлсэн есөн ширхэг бөмбөрцөг дотор музей, ресторан зэрэг байрлах бөгөөд хоорондоо хонгилоор холбогддог гэнэ.

 

6. Шинжлэх ухаан, урлагийн төв - Валенсиа, Испани

Орчин үеийн архитектурын гайхамшгийг илтгэсэн энэхүү цогцолбор Испaны Валенсиа хотын төв парк дахь усан сангийн тив дунд оршдог. Гадна төрх нь футурист хэв маягтай, далайн аварга амьтны араг яс мэт харагддаг. 

Шинжлэх ухаан, урлагийн төв - Валенсиа, Испани

7. Хейдар Алиевын нэрэмжит төв - Баку хот, Азербайжан

Баку хотын нүүр царай болсон энэхүү барилгын зураг төслийг архитектор Заха Хадид харь гаригийн биет мэт сэтгэгдэл төрүүлэхээр бүтээжээ. Уг төв дотор үзэсгэлэнгийн танхим, оффис зэрэг байрладаг.

Хейдар Алиевын нэрэмжит төв - Баку хот, Азербайжан

8. "Emporia" худалдааны төв - Мальмё хот, Швед

Скандинавын орнууддаа хамгийн томд тооцогдох Шведийн энэхүү худалдааны төвийн барилга хайлж урсах гэж байгаа мэт өвөрмөц хэлбэрээрээ алдартай. Түүнчлэн барилгын интерьер гадна талаасаа ч сонирхолтой. Үйлчлүүлэгчид өнгөлөг лифтээр зорчиж, сандлын оронд дүүжин дээр тухалж, хараа булаам цэцэрлэгийг сонирхож болдог.

 

9. "La Muralla Roja" - Калпе, Испани

Өмнөд Испанид байрлах энэхүү орон сууцны хотхоныг харсан хүн бүр тэнд насаараа амьдрахыг хүсдэг аж. "Улаан хана" гэж орчуулагдах тус хотхоны зураг төслийг Араб, Газар дундын тэнгисийн архитектурын хэв маягаас санаа аван гаргажээ. Барилгын дотогш ороход улаан өнгө нь нил ягаан, хөх болж солигддог байна.

 

10. Шинжлэх ухаан, урлагийн музей - Сингапур

Сингапурт жуулчдын гол очиж үздэг газруудын нэг бол уг музей юм. Барилгын гадна төрх мөн л дэлбээгээ нээж буй лянхуа цэцгийг санагдуулах ажээ. Музейн хажуухан талд Сингапурын архитектурын бас нэгэн гайхамшиг болох  "Marina Bay Sands"-ын гурван барилга сүндэрлэнэ.

Шинжлэх ухаан, урлагийн музей - Сингапур

11. "Нийслэл" хаалга - Абу Даби хот, Арабын нэгдсэн Эмират улс

158 метр өндөр, 35 давхар энэхүү барилга Гиннесийн номонд "Хүний гараар боссон хамгийн налуу цамхаг" болон бичигджээ. Италийн алдарт Пиза цамхаг дөрвөн хэмийн налуутай байдаг бол уг барилга 18 хэмийн налуутай ажээ.

 

12. "Markthal" - Роттердам хот, Нидерланд

"Markthal"-ыг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй худалдааны төвөөр шалгаруулахад буруудаад байх зүйлгүй. Арк хэлбэртэй орон сууцны барилгын дотор худалдааны төв оршино. Төвийг үзэсгэлэнтэй болгодог гол зүйл нь аркны дотор ханан дээрх зураач Арно Көнений уран зургууд ажээ.

 

13. Гюггенхаймын музей - Бильбао хот, Испани

Деконсруктивизм хэмээх урлагийн урсгалаар баригдсан бүтээлүүдээс хамгийн гайхалтай нь Бильбао хотын энэхүү музей ажээ. Архитектор Филипп Жонсон нь тус музейн барилгыг "Бидний эрин үеийн хамгийн агуу барилга" хэмээн өргөмжилж байсан удаатай.

Гюггенхаймын музей - Бильбао хот, Испани

14. "Kunsthaus Graz" - Граз, Австри улс

Уг барилгыг хүмүүс "Нөхөрсөг харь гарагийн амьтан" гэж нэрлэдэг. Барилгыг харсан зарим хүмүүс аварга халимын зүрх шиг гэдэг бол заримд нь агаарын бөмбөлөг мэт харагддаг ажээ. Органик гэх архитектурын урсгалаар баригдсан энэхүү "Харь гарагийн амьтан" шөнийн цагаар бас гэрэлтэж харагддаг байна.

 

15. Бонус: Ер бусын архитектур

Барселон хотоос гаралтай уран бүтээлч Виктор Энрих архитектурын ердийн хэв маягийг янз бүрээр эвдэж, өөрчилж хачин жигтэй барилгуудын зураг төслийг гаргадаг гэдгээрээ алдартай. Түүний уран төсөөлөл болон компьютер графикийн өндөр чадварын ачаар тахир, хазгай муруй, мушгиа хэлбэртэй барилгууд боссоор байна. 

Бонус: Ер бусын архитектур


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.