С.Одонтуяа: Бүлгийн дарга О.Цогтгэрэл шүүхээр явахаас илүүтэй ажлаа хийгээсэй

2022-09-06 10:18:00

Ардчилсан нам сүүлийн хоёр жилийн хугацаанд намын тамгаа булаацалдаж явсаар нэр хүндээ алдсан гэхэд хилсдэхгүй. Иргэдийн хувьд ч сөрөг хүчин юу ч хийж чадахгүй байна гэж шүүмжилсээр байгаа.

Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон гишүүд ч хоорондоо нэгдэж чадахгүй, нэгнийгээ бүлгийн гишүүнээс хасаж, албан тушаалаа булаалдсаар байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд л наймдугаар сарын 26-31-ний өдрүүдэд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдахад УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг ажлаа хийж чадаагүй хэмээн бүлгийн даргаас нь түдгэлзүүлж, оронд нь О.Цогтгэрэлийг томилсон. Түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар баталсан ч Д.Ганбат, О.Цогтгэрэл нар өнгөрөгч долоо хоногт өрөөгөө хүлээлцэж чадахгүй, сандал ширээний хэрүүл хийж, зөрчил маргаан үүсгэв.

О.Цогтгэрэлийг зөрчил маргаан үүсгэлгүй ажлаа сайн хийх хэрэгтэй хэмээн УИХ-ын гишүүн С.Одонтуяа өчигдөр төрийн ордонд болсон “Цугтаа хэлэлцье” зөвлөлдөх уулзалтын үеэр хэлсэн юм.

Тэрбээр “Хүмүүс АН-аас ичиж байна гэдэг боллоо. Энэ асуудлаа цэгцэлж цэг тавимаар байна. Хоёр жил О.Цогтгэрэл, М.Тулгат гэдэг хүнийг ярьсаар юу ч үгүй явж байна. Бүлгийн даргагүй дахиад хоёр жил явах вий. О.Цогтгэрэл бүлгээ нэгтгээд, учрыг олоод ажиллах хэрэгтэй. О.Цогтгэрэлийг солиход амархан. Хууль эрх зүйн боломж нь байгаа. Шүүхээр явахаас илүүтэй ажлаа хийгээсэй гэж хүсч байна” хэмээн хэлээд амжсан юм.

Энэ парламентын хугацаа дуусахад хоёр жил хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ хугацаанд сайн сөрөг хүчин байж чадах эсэх нь О.Цогтгэрэлийн гишүүдээ хэрхэн нэгтгэж ажиллахаас шалтгаална. Ардчилсан нам маргаант асуудалдаа цэг тавихгүй бол дорвитой сөрөг хүчин байж чадахгүйгээр энэ удаагийн парламентын хугацааг өндөрлүүлэх нь.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.