Хотын даргын орлогчоор Ж.Сандагсүрэн, З.Төмөртөмөө нар үргэлжлүүлэн ажиллана
2022-06-06 16:51:00
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газар Төрийн хэмнэлтийн хуулийг баталсан. Уг хуулиар Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглосон юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар зургаан орлогчтой байсан. Харин өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр бүгдийг нь үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ингэснээр шинээр хоёр орлогч томилох хүлээлт үүсээд байсан юм. Тэгвэл хоёр орлогчоо эргүүлэн томилохоор болсон гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нарыг үлдээхээр яригдаж байна.
Ж.Сандагсүрэн бол хотын дарга Д.Сумъяабазарын талын хүн. Түүнийг УИХ-ын гишүүн байхад зөвлөх, шадар туслах, бие төлөөлөгч хийж байсан. Мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан юм.
Харин З.Төмөртөмөө бол УИХ-ын дарга Г.Занданшатарын хүн гэгддэг. Мөн л Г.Занданшатарын туслах, зөвлөхөөр ажиллаж байсан.
Ийнхүү Нийслэллийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай хамт хотыг удирдах ажлаа үргэлжлүүлэх хоёр орлогчийн томилгоог НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулж, эцэслэн батлах юм байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.