С.Амарсайхан: Эмээлтийн мах боловсруулах 31 үйлдвэрийн 17-г түр хааж, ЛАЦАДСАН
2022-06-02 12:23:00
Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна.
Шадар сайд С.Амарсайхан "Мах бэлтгэх ажлын хэсгийг Засгийн газар томилсон. Яамдууд, ШӨХТГ, цагдаа, мэргэжлийн хяналт, нийслэлийн гээд томоохон бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Эмээлтэд мах боловсруулах 32 үйлдвэр бий. Мөн БНХАУ руу экспортлох эрхтэй 31 үйлдвэр, дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй 15 аж ахуйн нэгж байна. Тавдугаар сарын 12-ноос төлөвлөгөөт бус мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж байна. Энэ явцад 17 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, лацадсан.
Махны экспорт хийж байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд түр зогсоож нэг нэгээр нь эрсдэлийн үнэлгээ хийж, эрүүл ахуйн стандартыг мөрдөж байвал үйл ажиллагааг нь хэвийн ажиллуулна. Стандарт мөрдөөгүй бол зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.
Өнгөрсөн хугацаанд мах, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалтай холбоотой асуудал ноцтой яригдаж, хөндөгдсөөр байсан. Ил, далд хяналт шалгалт хийж байгаа нэртэй үгсэн хуйвалдсан хяналт шалгалт, асуудлууд үе үеийн ашиг сонирхолтой албан тушаалтнуудтай холбоотой байсаар ирсэн. Тиймээс олон нийтэд нээлттэй, зохион байгуулалттайгаар шалгалтыг хийж байна. Өмнөх шалгалтууд хангалтгүй байсан. Асуудал их, хариуцлага дутуу байсан учир холбогдох хоёр байгууллагын удирдлагуудыг ч сольсон. Бүх төрлийн шалгалтыг аль болох иргэд, ААН-үүдэд дарамтгүй хийхийг зорьж байна. Өнөөдөр гэнэт энэ талаар яриад байгаа юм биш. Үүнийг гол нь цаашдаа тууштай хийх хэрэгтэй байна.
Сургууль цэцэрлэгийн хүүхэд төдийгүй нийт иргэдийн хүнсэнд энэ мах хэрэглээнд ашигласан эсэхийг бид шалгаж байгаа. Эмээлт дэх махны үйлдвэрийн муудсан махыг иргэдийн хүнсэнд нийлүүлээгүй гэдгийг тогтоосон" гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.