Б.Жавхлан: Эрээн хот халдвар илрэхгүй 20 хоновол хилээ түр нээнэ
2021-11-17 11:30:00
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 09:00 цагт эхэлсэн. Хуралдаанд 21 аймгийн засаг дарга оролцож байгаа юм.
Өргөтгөсөн хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан хоёр хоногийн хугацаанд Засгийн газрын гишүүд болон холбогдох газрын дарга нартай хамт хилийн боомтуудад ажиллаж, нөхцөл байдалтай нь танилцсан талаар мэдээлэл өглөө.
Сангийн сайд Б.Жавхлан “Замын-Үүд боомт дээр ямар нөхцөл байдалтай байгааг бид бүгд мэдээлэлтэй байгаа. Сүүлийн гурван хоногт Эрээн хотод коронавирусийн тохиолдол илэрсэнгүй. Эрээн хотын боомтын удирдах ажилтнуудаас манайд санал хүсэлт ирүүлсэн. Ковид илрэхгүй 20 хоновол хилээ түр горимоор нээж, бараа материал, хил дээр гацсан зүйлүүдийг солилцох асуудлыг хоёр тал тохиролцсон” гэв.
Гашуунсухайт боомтын хувьд нэг үеэ бодвол тээвэрлэлтийн нөхцөл байдал журамлагдаж, хэвийн горимд орсон байна. Шивээхүрэн боомт урд хөршийн ковидын нөхцөл байдлаас шалтгаалан хаагдсан байгаа. Гэхдээ удахгүй халдвар илрэхгүй бол нээгдэхээр төлөвлөж байна гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.